DOHC, SOHC, OHV - ХУВААРИЛАХ НУДАРГАН ГОЛЫН ЯЛГАА №205

Нударган гол нь тахир голоос ремен болон гинжээр эргэлт авна. Нударган гол (camshaft) дээр суурилсан товруу нь оруулах болон гаргах клапангуудын нээлт болон хаалтыг тохируулдаг.

DOHC  (Double Over Head Camshaft ) - Цилиндрийн гавлын дээр байрлалтай хос хуваарилах нудраган гол

Хөдөлгүүрийн оруулах болон гаргах клапанг тус тусд нь хуваарилах нударган голоор онгойлгодог механизм юм. Хоёр хуваарилах нударган гол хэрэглэснээр нэг хуваарилах гол дээр ирэх клапангийн буцаах пүршний үйлчлэлийг багасгасан.

Мөн хос хуваарилах голын нударга нь шууд клапангийн толгой дээр дарж нээдэг болсноор хөдөлгүүрийн эргэлт ба хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болжээ.

Гэхдээ клапангийн зайг өөрчлөх зорилгоор дохиурыг хэрэглэх болсон, энэ нь SOHC хөдөлгүүрийн дохиураас өөр бүтэцтэй буюу далавч хэлбэртэй аж. Зах зээлд байгаа хөдөлгүүрүүдийг авч үзвэл ихэнхдээ дохиур хэрэглэхгүйгээр шууд түлхэлттэй хэлбэр нь өргөн тархсан байна.

Хөдөлгүүрийн дээд анги болох гавлын хэлбэр хэмжээ, шатах хөндийн хэсгүүдийг хийхэд хялбар болсон боловч DOHC хөдөлгүүрийг хийхэд орох деталиуд нэмэгдэх, дээд гавлын хэмжээ томорч өртөг өсөх зэрэг таагүй үр дүн бас байсан байна.

SOHC, OHC (Single Over Head Camshaft) - Цилиндрийн гавлын дээр байрлалтай дан хуваарилах нударган гол

Цилиндрийн гавлын дээр байрлах нэг хуваарилах голоор оруулах болон гаргах клапангуудыг нээж хаадаг механизм бөгөөд DOHC хөдөлгүүр гарахаас өмнө OHC гэж байгаад дараа нь ялгах үүднээс S үсэг нэмж SOHC гэж нэрлэх болсон байна. Мөн клапанг шууд дарж нээдэг хувилбар байдаг.

Өмнөх үеийн OHV хөдөлгүүрийг бодвол хуваарилах нударган гол нь гавлын дээр байрладаг болсон нь хажуу доод байрлалтай нударган голоос дамжуулах цөн буюу хөдөлгөөн дамжуулах саваа хэлбэрийн ган шилбийг халсан байна. Орчин үед ихэвчлэн хэт бага ангиллын жижиг автомашины хөдөлгүүрт энэ механизмыг ашигладаг юм байна.

OHV (Over Head Valve) - клапангийн дээд, хуваарилах нудраган голын хажуу доод байрлалтай хөдөлгүүр

SOHC ба DOHC механизмыг бодвол хуваарилах гол нь хөдөлгүүрийн хажуу доод бөөрөнд байрлаж тахир голоос араагаар эргэлт авч хөдөлгөөнийг цөн буюу шилбээр дамжуулан дохиуруудыг хөдөлгөж дохиур нь клапанг дарж онгойлгох зарчмаар ажилладаг.

Мөн энэ зарчмын дутагдал болох дохиурыг түлхэх цөнг хэрэглэхгүй байх зорилгоор хуваарилах нударган голыг дээшлүүлж яг цилиндрийн дээр биш хажуу дээд талд  байрлалтаар хийж өгсөн байдаг.

Ингэснээр DOHC хөдөлгүүрийн адил очлуурыг цилиндрийн эгц дээрээс нь хийх боломжтой болсон байна. Үүнийг зарим тохиолдолд SOHC хөдөлгүүртэй андуурах явдал байдаг. Ийм байрлалтай OHV хөдөлгүүрийг “high camshaft” хөдөлгүүр гэж нэрлэх ч тохиолдол бий.

Элэгдэл гэмтлийн шинж:
  • Клапангийн цуваанаас хэвийн бус дуу гарах
  • Мотор доголдох

Гэмтлийн шалтгаан болон зөвлөгөө:
  • Духны гинж эсвэл ременийг солихдоо гал буруу тавьснаас болдог.