МЭДЛЭГ - VVT, VTEC ЗЭРЭГ КЛАПАН УДИРДАХ СИСТЕМ №62

#KNOWLEDGE

Дөрвөн ээлжтэй дотоод шаталтын хөдөлгүүрийн хий хуваарилах механизмын клапангийн нээгдэх хаагдах ажиллагааг поршений хөдлөх хурд буюу хөдөлгүүрийн эргэлтээс хамааран зохицуулдаг систем.

Дээд туйлын цэгээс доошлох мөчөөс арай өмнөхөн агаар оруулах клапанг нээж эхэлснээр цилиндрт орох агаарын хурд ба дүүрэх хэмжээг нэмэгдүүлдэг.

Харин ажилласан хийг гаргах үед поршен доод туйлын цэгт хүрээгүй байхад гаргах клапанг нээх нь ажилласан хийг илүү хурдан гаргаж дараагийн сорох ээлжид бэлтгэдэг. Энэ бүх ажиллагаа нь урьд нь хөдөлгүүрийн ямар ч эргэлтэд нэгэн адил хэмжээгээр явагддаг байсан бол ийм төрлийн автомат клапангийн систем гарснаар тухайн эргэлт бүрт тохирсон клапангийн нээгдэх хугацаа болон зайг тохируулдаг болсон байна. Энэ бүх зарчмыг агуулсан системийг автомашин үйлдвэрлэгч нар өөрсдийн хувилбараар зохион бүтээж өөр өөрийн нэрээр нэрлэсэн байдаг.

HONDA MOTOR COMPANY

VTEC ( Variable valve Timing and lift Electronic Control system)

VTEC систем нь эхэн үедээ нударган гол дээрээ өндөр ба нам гэсэн 2 нударгатай бөгөөд хөдөлгүүрийн тодорхой эргэлтэд нэг нам нударгаас өндөр нударгад  дохиур шилжиж клапангийн зай болон нээгдэх хугацааг тохируулдаг байжээ. VTEC-с өмнө тахир голын эргэлттэй харьцуулан нударган голыг шилжүүлж клапангийн нээгдэх хугацааг тохируулдаг байсан боловч зай болон нээгдэх хугацааг нэгэн зэрэг тохируулдаг болсон нь VTEC юм. Ингэснээр хөдөлгүүрийн бага эргэлтийн эргүүлэх хүч болон, их эргэлтэд гаргах чадлыг нэмэгдүүлсэн.

Анх B16A хөдөлгүүрт уг системийг тавьжээ. Турбогүй хөдөлгүүрт VTEC хэрэглэснээр 1 литр эзлэхүүнд оногдох чадлыг 100 морины хүч болгож өсгөсөн. Энэ технологийг нээсэн түүхээс сонирхуулбал тус компанийн инженер нэгэн мах шардаг хоолны газар загасны шорлог хийхийг харж байтал шорд хатгасан загасны мах болон нимгэн хэрчсэн сонгино нь нэг бол эргээд үгүй бол эргэхгүй байжээ. Үүнийг харсан инженер санаа авч VTEC системийг анх зохион бүтээсэн түүхтэй.

VTEC-E (Variable-valve Timing and lift Electronic Control system Economy)

VTEC системийг боловсронгуй болгож компьютерын зохицуулалт нэмснээр хамгийн бага бензин зарцуулалт, хорт хийн хамгийн бага ялгаруулалтыг бий болгосон. Хөдөлгүүрийн бага эргэлтийн үед цилиндрийн 4 клапангийн оруулах талын 2 клапаны нэгийг нь бараг онгойлгохгүйгээр шатах хөндийд очлуурын ойролцоо агаарын хуйлралт үүсгэснээр шатах холимгийн бензин ба агаарын харьцааг 1:22 болгон шатахуун зарцуулалтыг эрс багасгаж чаджээ.

Харин их эргэлтийн үед 2 оруулах клапанг зэрэг нээдэг. Энэ төрлийн хөдөлгүүрүүдийг анх CIVIC загвартаа тавьсан байна. 2001 оноос VTEC-E системд суурилсан i-VTEC гэсэн систем гаргаж FIT загварт тавьсан боловч хүссэн үр дүнд хүрээгүй учир энэ системийн хэрэглээг зогсоожээ. 1992 оны Honda Civic ETi механик хурдны хайрцагтай загварт тавьсан EG4  VTEC-E хөдөлгүүр нь  дэлхийн хамгийн бага бензин зарцуулдаг (1 литр бензинээр 30.42 км явсан байна) хөдөлгүүр хэмээгдэн Гиннесийн номд бичигдсэн байна.

MITSUBISHI MOTORS CORPORATION

MIVEC ( Mitsubishi Intelligent& Innovative Valve timing& lift Electronic Control system)

Honda-гийн VTEC- тэй адилаар нэг нударган гол дээр бага эргэлтийн ба их эргэлтийн үед ажиллах 2 нударга суулгасан бөгөөд их эргэлт дээр 2-р нударга клапанг түлхэж нээгдэх хугацаа ба зайг ихэсгэж өгдөг байна. Нэлээд хугацаанд энэ системийг хэрэглэсэн бөгөөд нэг дутагдал байсан нь 1-р нударгаас 2-р нударгад шилжих үед хөдөлгүүр хүч алдах явдал байжээ.

MIVEC-MD (Modulated Displacement)

MIVEC-MD систем нь хөдөлгүүрийн сул ажиллагааны үед зарим цилиндрийн ажиллагааг зогсоож бензиний зарцуулалтыг багасгах зориулалттай MD гэсэн үсгээрээ ялгагдана. 2005 оноос Mtsubishi компани MIVEC-ийн арай шинэчилсэн клапангийн зай болон нээгдэх хугацааг хөдөлгүүрийн эргэлт бүрт байнга тохируулан ажиллуулах системийг бүтээжээ. Энэ нь BMW ийн VALVETRONIC-той адил боловч зөвхөн дан нударган голтой.

TOYOTA MOTOR CORPORATION

VVT (Variable Valve Timing)

Toyota компанийн систем. Одоо үед энэ систем нь TOYOTA-ийн бүх хөдөлгүүрт энгийн байх ёстой зүйл болсон. Энэ систем нь зөвхөн оруулах клапангийн нээгдэх өнцгийг тахир голын эргэлтээс хамааруулан 30 градусын өнцгөөр өөрчилдөг. Үүний ачаар хөдөлгүүрийн бага болон их эргэлтэд гаргах хүчийг нэмэгдүүлсэн. Үүнтэй адил систем Nissan-ийн NVCS. Анх 1991онд Corolla-гийн 4A-GE хөдөлгүүрт тавьсан бөгөөд 1 литр  эзлэхүүнд оногдох чадал нь  100 морины хүч болжээ.

VVT-i (Variable Valve Timing-intelligent system)

Үндсэн VVT-ийн механизм дээр компьютерын зохицуулалт нэмж өгсөн систем бөгөөд үүнийг " i "гэсэн үсгээр илэрхийлжээ. Энд нударган голын эргэх өнцөг өөрчлөгдөнө. Харин клапангийн нээгдэх зай өөрчлөгдөхгүй. Энэ систем тавьснаар хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ шатахуун зарцуулалт багассан байна. Анх 1995 оны 5 сард гарсан шинэ загварын Тoyota Crown маркийн автомашины 2JZ-GE хөдөлгүүрт тавьжээ. Одоо ихэнх хөдөлгүүрт энэ системийг хэрэглэж байна.

DUAL VVT-i (DUAL Variable Valve Timing intelligent system)

VVT-i нь зөвхөн оруулах клапангийн ажиллагааг зохицуулдаг бол DUAL VVT-i систем нь  оруулах ба гаргах  клапангийн ажиллагааны нээгдэх болон хаагдах хугацааг компьютераар зохицуулдаг систем. Анх 1998 оны 10 сард Altezza RS200 загварын 3S-GE хөдөлгүүрт тавьжээ. Түүнээс  хойш Crown GRS18# Mark X GRX12# зэрэг ангилал өндөртэй машинууддаа тавьж байсан бол 2006 оны 10 сараас Corolla, Passo, iQ зэрэг энгийн суудлын машинд тавьж эхэлсэн.

VVTL-i (Variable Valve Timing and Lift intelligent system)

VVT-i системийг сайжруулан клапангийн нээгдэх зайг өөрчлөх ажиллагааг нэмснээр илүү их хүчин чадалтай болсон. Энэ систем нь нэг клапан дээр хэвийн ба өндөр гэсэн 2 нударгатай бөгөөд хөдөлгүүрийн бага эргэлтийн үед хэвийн өндөртэй нударгаар клапанг нээх бөгөөд харин өндөр эргэлт хийх үед өндөр нударга дохиурыг хөшиж клапанг их онгойлгоно. Өндөр нударгын ажиллаж эхлэх эргэлт нь 6000 эрг/мин юм.

Анх 1999 онд Celica загварын 2ZZ-GE хөдөлгүүрт тавьсан бөгөөд одоо Will VS, Volts bike-car, Corolla Ranкs, Corolla Fielder автомашинд тавьжээ. Үндсэн зарчмын хувьд Honda-ийн VTEC, Mitsubishi-ийн MIVEC системтэй адил боловч нударгын ажиллагааны удирдлага нь тусдаа байдаг.

VVT-iE (Variable Valve Timing-intelligent system by Electric motor)

Энгийн VVT нь хөдөлгүүрийн тосны даралтыг ашиглан ажилладаг байсан бол VVT-iE нь жижиг цахилгаан мотор хэрэглэдэг болсон юм. Ингэснээр тосны даралт хангалтгүй байх 1000 эрг/мин-аас доош эргэлтэд клапангийн ажиллагааг удирдах боломжтой болсон байна. Үүний тэмдэглэгээ болгож Е үсгийг бичжээ.

2006 оны 9 сард lexus LS460-ын 1UR-FSE хөдөлгүүрт анх тавьж эхэлсэн байна. Мөн 2007 оны 12 сараас Lexus IS F загварын 2UR-GSE хөдөлгүүрт энэ системийг хийж эхэлсэн байна.

VALVEMATIC

Toyota компанийн хамгийн сүүлийн үеийн клапангийн удирдлагын систем юм. Бензин хөдөлгүүр нь агаарын хаалтаар (холимгийн хаалт) цилиндрт орох агаарын хэмжээг зохицуулж байдаг. Энэ агаарын хаалт нь хаагдсан үед клапангийн зайг тохируулах систем ажиллахгүй болдог байна.

Энэ дутагдлыг арилгах зорилгоор байнгын клапангийн зайг тохируулж байдаг VALVEMATIC системийг боловсруулжээ. Гэвч эхлээд зөвхөн дангаар зайг тохируулан ажиллах нь клапангийн нээх хугацаанд тийм ч тохиромжтой байгаагүй учир VVT системтэй нийлүүлсэн байна.

Ингэснээр хөдөлгүүр тодорхой өндөр эргэлтэд хүрсний дараа клапангийн зайг тохируулдаг байсан бол одоо байнга клапангийн зай болон нээгдэх хугацааг тохируулдаг болсноор түлшний зарцуулалтыг багасгаж чадсан. Энэ систем нь 2010 онд дахин боловсронгуй болж VALVEMATIC систем эвдэрсэн үед агаарын хаалтаар хөдөлгүүр зохицуулагдаж ажиллах боломжтой болсон байна. 1ZR-FAE 1.6 литрийн, 2ZR-FAE 1.8 литрийн, 3ZR-FAE 2.0 литрийн хөдөлгүүрт тавьсан байна.

DAIHATSU MOTOR COMPANY

DVVT (Dynamic Variable Valve Timing)

Daihatsu-ийн клапангийн ажиллагааг удирдах систем бөгөөд үндсэндээ Toyota-гийн  VVT  системтэй адил. Toyota нь Daihatsu-гийн 51.2%-ийг эзэмшдэг.

NISSAN MOTOR COMPANY

NVCS (Nissan Valve Timing Control System)

Бага болон их эргэлтийн нударгаар биш зөвхөн агаарын хаалтын удирдлагаар хөдөлгүүрийн эргэлтээс хамааран клапангийн нээгдэх болон хаагдах хугацааг зохицуулдаг энгийн систем юм.

CVTC (Continuous Valve Timing Control)

NVCS системийн сайжруулсан технологи. Духны араанд байрлах тосны даралтаар ажиллах поршен байх ба хөдөлгүүрийн их эргэлтэд онгойх соронзон хаалт нээгдэн эрчлээс голд байрлах сувгаар тос гүйж поршенг шахаж, поршен нь эрчлээст голд суусан духны арааг шахаж эрчлээсний дагуу шилжүүлнэ.

Ингэснээр нударган голын нударгын байрлал тахир голын араатай харьцангуй өөрчлөгдөж клапангийн онгойх хугацаа өөрчлөгддөг байна. Хөдөлгүүрийн эргэлт буурахад буцаах пүршний үйлчлэлээр духны араа гүйж хэвийн байрлалдаа ордог.

eVTC (electronic Valve Timing Control)

CVTC-ийн тосны даралтаар  духны арааг шилжүүлэх ажиллагааг цахилгаан авцуулах холбооны зарчмаар ажилладаг болгосон систем бөгөөд CVTC системд байсан тосны суваг, шахах поршен, соронзон хавхлага зэргийг халснаар өртгийг бууруулсан систем юм. Анх удаа V35 Skyline загварын автомашины VQ35DD хөдөлгүүрт тавьсан.

NEO VVL (Variable Valve Lift)

Nissan компани 2006 оноос Nissan Х-trail-ын SR загварын 3 төрлийн хөдөлгүүрт хийсэн бөгөөд энэ хөдөлгүүрүүд нь шаталтаас гарах хорт хаягдлын стандартыг хангахгүй байсан тул удалгүй 2008 оноос үйлдвэрлэлийг зогсоосон байна.

BMW-VANOS
PORSCHE-VARIOCAM
MAZDA-S-VT (Sequential Valve Timing)
Hitachi-VTC (Valve Timing Control ), VEL (Valve Electronik Lift ) гэх мэтээр хөгжүүлж байна.