MERCEDES BENZ G-CLASS

Даймлер Бенц компанийн Мерседес-бенц нэрээр гаргаж буй дээд ангиллын тохилог тухтай жийп юм. G класс гэдэг нь герман хэлний Gelandewagen буюу замгүй газраар явагч гэсэн үгийн эхний үсгийг авч хэрэглэжээ.

1979 онд НАТО-гийн цэргийн ажиллагаанд зориулан ашиглаж байсан жийп машиныг иргэний зориулалттай болгон өөрчилснөөр G-класс төржээ. Түүнээс хойш ойролцоогоор 25 жилийн дараа анхны техникийн өөрчлөлтийг хийсэн байна.

Дээд хурдыг анх гарсан үеийнхээс 2 дахин нэмэгдүүлж, хөдөлгүүр болон салоны доторхоос бусад үндсэн хийцүүдийг тухайн гарч байсан үеийнхээр үлдээжээ. Энэ машин нь шинэчлэгдэх үедээ жирийн иргэд болон гэр бүлд зориулагдана гэж гарч байсан боловч үнэн хэрэгтээ тийм байж чадсангүй ихэвчлэн нэр алдартай хүмүүс л худалдан авч байлаа. Хамгийн сүүлийн шинэчлэлт нь 2008 онд хийгджээ. 2006 онд GL хэмээх хамгийн тансаг загвар гарчээ.

Гэвч үнэн хэрэгтээ GL загвар нь М классын хамгийн дээд тансаг загвар гэсэн хувилбараар гарсан байна. Одоогийн байдлаар 2017 он хүртэл ямар ч байсан үйлдвэрлэж байхаар тогтсон байна.

G-class W460

1988 онд Австрийн үйлдвэрт хийгджээ. Мөн цэргийн зориулалтаар францад Пежо Р4 нэрээр үйлдвэрлэгдэж байсан байна. Кузовын хэмжээгээр урт ба богино гэсэн 2 янз бөгөөд урт загвар нь 300GD, богино загвар нь 230GE гэсэн нэрээр гарч байв. Мөн арай илүү 280GE гэсэн загвар бий. 230GE кузов нь хөмсөгтэй бөгөөд арай өргөн юм.

Хөдөлгүүр нь цуваа 6 цилиндртэй 120 морины хүчтэй бол 300GD нь 88 морины хүчтэй 5 цилиндртэй дизель хөдөлгүүртэй 2 тонн гаруй жинтэй байлаа. 4 араатай автомат хурдны хайрцагтай загвар нь нэлээн удаан, хүч муутай болсон. Харин замгүй газраар явахад зориулсан тэнхлэг, кузов нь хангалттай бөх бат байсан юм. Энэ үеийн хамгийн үнэтэй загвар нь 230GE LONG байв.

G-class W463

460-ын үргэлжлэл бөгөөд гадна талдаа өргөтгөсөн хөмсөг, гадна гишгүүр хийж, дотор салоныг орчин үеийн модерн маягийн хийцтэй болгосон. Энэ хийсэн хамгийн том өөрчлөлт нь байнгын 4 дугуйгаар хөтөлдөг болгосон явдал юм. 1990 ээд оны эхэн үед цуваа 4 ба 6 цилиндртэй хөдөлгүүртэй гарч байлаа. 463-ын суурин дээр V8 5 литрийн хөдөлгүүр тавьсан. 1993 онд AMG нь W126 седанд тавигдаж байсан 5 литрийн хөдөлгүүрт сайжруулалт хийж гаргасан. Мөн 500GE маркийн хувилбарт 6 литрийн хөдөлгүүр тавьсан гэдэг боловч ховор байдаг.

G36 AMG

1995-1997 он буюу 3 жил гаруйн хугацаанд AMG компани 3.2 литрийн М104 хөдөлгүүрийн цилиндрийг томруулан зорж 3.6 литрийн багатаамжтай болгон сайжруулан G класс болон С, Е-class-т тавьжээ. Ингэхдээ суудлын С, Е class-т 280 морины хүчтэйгээр, G class-т 258 морины хүчтэй байхаар хийжээ. Үнээс гадна амортизатор, пүрш, 260 км/цаг хүртэл заалттай хянах самбар мебель модон оруулга, гадна талын гоёлын наалт зэргийг нэмж хийсэн байна. Ингэснээр G класс нь энгийнээс хамаагүй илүү хүчин чадалтай болжээ.

2013 оны сайжруулалт

33 жилийн түүхтэй түүний шинэ сайжруулсан загварын талаарх мэдээ мэдээлэл тогтмол олны анхаарлын төвд байсан юм. Мэдээж шинэ G нь хуучин загвараасаа эрс өөр болоогүй буюу түүний хэв шинж, хэлбэр галбирыг авч удамшсан байна. Сайжруулалтаар гадна талд онцын өөрчлөлт хийгээгүй бөгөөд их гэрлийн доогуур ЛЭД гэрэлтүүлэгтэй болсон, AMG тюнингтэй хувилбар нь илүү том агаар оруулах нүхтэй шинэ гриллтэй болсон юм байна.

Салонд, хуучинсаг кабины стилийг одоогийн Мерседес-Бензийн дизайны стандарт болсон элементтэй хослуулсан хэрэглэсэн байна. Хянах самбар нь 4 дугуй хэсгээс бүрдэх ба түүний 2 нь том дугуй хэлбэртэй юм байна. Улмаар шинэ олон үйлдэлтэй рулийг М болон GL загваруудаас авч ашигласан байгаа нь харагдаж байна.

Томоохон өөрчлөлт нь гэвэл навигэйшн дэлгэц одоо урд самбарын голд, дээр байрладаг болсон бөгөөд iPad шиг хэлбэртэй болжээ. Улмаар Ж-ийн агааржуулалтын удирдлага болон дууны удирдлагын гадуурх бүрээсийг мод эсвэл карбон файбер материалын аль нэгийг сонгон хийлгэх боломжтой болжээ. Таны харж байгаа энэ салоны зураг бол Designo салоны багц бөгөөд арьсан суудал, этгээд хийцтэй хаалганы хавтас зэрэг зүйлсээр ялгарч байна.

Мерседес-Бенз улмаар түүний салонд орчин үеийн технологийн дэвшлүүдийг шингээж өгсөн бөгөөд хамгийн сүүлийн үеийн Comand инфотэйнмэнт болон навигэйшн системийг стандартаар, мөн урд самбарт олон эргэдэг тохируулгатай товчлуурыг хийж өгчээ. Европ стандартын хувилбарт автомашинаасаа интернетэд холбогдох боломжтой бол АНУ-д гаргах хувилбарт энэ тоноглол байхгүй юм байна – гэхдээ Бензийн mBrace2 телематик үйлчилгээ, зогсоолын мэдрэгч, ухрах камер, объект илрүүлэгч, ухаалаг круйз контрол зэрэг системийг дагалдуулж өгөх юм байна.

Евро стандартын G-Class загварт 2 төрлийн биеийн хэлбэр, 4 төрлийн хөдөлгүүрийн сонголт байгаа бол АНУ стандартын хувилбарт зөвхөн 4 хаалгатай вагон загварыг санал болгох юм байна. Үндсэн суурь болсон G550 хувилбарт үргэлжлүүлэн 5.5 литрийн V-8 хөдөлгүүрийг ашиглах бөгөөд хөдөлгүүрийн чадал 382-388 морины хүчтэй болон нэмэгдсэн байна. Улмаар стандартаар 7 шатлалт автомат хурдны хайрцгийг суурилуулах бөгөөд 3 дифференциал цоожлогчийн хамтаар 4 дугуйн хөтлөгч системийг хийж өгсөн байна.

Өмнө нь санал болгож байсан AMG тюнингтэй G55 загварыг цоо шинэ G63 AMG загвараар орлуулан гаргаж байгаа ба G63 нь G55-ийн суперчаржед 5.5 литрийн V8 хөдөлгүүрийг сайжруулж шинэ түлшний шууд цацалттай хос турбо бүхий 5.5 литрийн V8 хөдөлгүүртэй болсон байна. Ингэснээр хуучин G55 нь 500 морины хүч болон 700 Нм эргүүлэх хүч санал болгодог байсан бол G63 нь хүчин чадал сайжирч 544 морины хүч болон 760 Нм эргүүлэх хүчийг санал болгож байна.

Эдгээрээс гадна шинэ G65 AMG загварыг гаргах бөгөөд тэрээр 12 цилиндртэй гараар үйлдвэрлэсэн хөдөлгүүртэй юм байна. Харамсалтай нь Хойд Америкт энэхүү загварыг гаргахгүй ажээ. Энэхүү хөдөлгүүр нь 6.0 литрийн багтаамжтай хос турбо бүхий V-12 хөдөлгүүртэй бөгөөд 612 морины хүчийг 4300 эрг/минутанд, 999 Нм эргүүлэх хүчийг 2300 эрг/минутаас эхлэн гаргах чадалтай хүчирхэг хөдөлгүүр юм байна. Мерседес-Бензийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр уг хүчирхэг загварыг БНХАУ болон Ойрх дорнодын зах зээлд гаргахаар төлөвлсөн гэсэн байна.

2013 оны G-Class-ийг Австрийн Граз дахь Magna-Steyr-ийн үйлдвэрт үргэлжлүүлэн үйлдвэрлэх бөгөөд 8 сараас эхлэн АНУ-ын хэрэглэгчдэд хүрэх ажээ. Гэхдээ шинэ загварын үнийн талаарх мэдээлэл одоогоор тодорхой бус байгаа юм. Ямартай ч 2012 оны G550 загвар нь $107,100 ам.доллароос, харин 2012 G55 AMG загвар нь $124,450 ам.доллароос эхлэн борлогддог байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 2013 G65 AMG загвар $429,000 ам.доллароор худалдаалагдах сураг байна.