ДАЛДЫН ХАР ХYЧ

Тэжээлийн системийн цэвэрлэгч бодис | Нийтлэлч: Михаил Колодочкин болон Александр Шабанов

Шүршигч форсунк бөглөрснөөс болж хөдөлгүүр урьдын эрч хүчээ алдан их идэхийн зэрэгцээ асаах тоолонд асуудал үүсгэдэг тул авто инженерүүд нэг бол цэвэрлэх аль эсвэл бүр мөсөн солихыг зөвлөдөг. Гэхдээ шинээр соливол үнэтэй тусна. Тэгвэл нээрээ л цэвэрлэж үздэг юм уу? Тэр дундаа авто засварын газарт хандахын оронд өөрсдөө тэжээлийн системийн цэвэрлэгч бодис худалдан авч түлшний савандаа хийвэл яадаг бол?

Бид уг туршилтаар Liqui Moly ба Autoprofi Line (Герман), Hi-Gear (АНУ) болон Оросын Супротек гэсэн дөрвөн “бэлдмэл” сонголоо.

Нөгөө талаараа нэгэнтээ зогсоо зайгүй рекламддаг хөдөлгүүр цэвэрлэгч шатахуун байсаар атал тусгай зориулалтын цэвэрлэгч бодис авах хэрэг байгаа гэж үү?

Тийм ээ, зарим бензинд цэвэрлэх үйлчилгээтэй нэмэлт хольц байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм бензин тэр болгон олдоод байдаггүй. Бас болоогүй их үнэтэй. Тэгээд ч хөдөлгүүр цэвэрлэх биш өнгөр тогтоц үүсэхээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй байдаг юм.

Өөрөөр хэлбэл ийм шатахуун аль хэдийнээ бохирдсон хөдөлгүүрийг улам бохирдохоос л сэргийлэхээс биш цэвэрлэхгүй. За за, юу ч гэсэн сонирхолтой байлгах үүднээс сорилтод оролцогсдын эгнээнд тэжээлийн систем цэвэрлэдэг Лукойл Экто А95-К5 шатахууныг элсүүлье.

ШАТАХУУНАА МУУТГАХГҮЙ БИЗ?

Бид туршилт эхлэхээс өмнө шатахуунд нэмэлт хольц хийх нь сөрөг нөлөөгүйг шалгахаар шийдлээ. Үүний тулд Гаалийн Холбооны Техникийн Хяналтын дагуу цэвэрлэгч бодис ямар нэгэн хориглосон зүйлгүй эсэхийг тогтоохоор бүтээгдэхүүнүүдийн дээжийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу бензинтэй холиод лабораторид оношлуулахаар илгээсэн юм.

Түүнчлэн, цэвэрлэгч бодисууд бензиний октанд хэрхэн нөлөөлөхийг давхар шалгалаа.

Үр дүнг физик-химийн үзүүлэлтийн хүснэгтээс харна уу. Ер нь давгүй шүү. Бүгд бензин дахь хүчил төрөгчийн хэмжээг ихэсгэсэн боловч 2,7%-ийн стандарт нормд хүргэсэнгүй. Хүчил төрөгчийн өсөлт нь цэвэрлэгч бодисын хольцод бензиний шаталтыг улам сайжруулдаг нэмэлт оксигенат байгаатай холбоотой юм.

Энэ чинь л өндөр хэмд хөдөлгүүрийн эд ангийг цэвэрлэдэг нэн хэрэгцээтэй зүйл шүү дээ. Оксигенатын хэмжээ Супротекд арай илүү байлаа. Гэхдээ шатахуун дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэт их өссөнөөр хөдөлгүүрийн ажлын хэм алдагдах талтай.

Хөдөлгүүрийн “хүйтэн” хэсгийн өнгөр тогтцыг өөр төрлийн шингэн цэвэрлэдэг. Нээрээ л нэмэлт хольц хэрэглэснээр шатахууны pH-ийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж байх чинь. Энэ чанараараа “түргэн шуурхай” хочтой Hi-Gear түрүүллээ. Мөн хүчлийн хэмжээ өсөх нь тэжээлийн системийн битүүмжид сөргөөр нөлөөлдөг гэмтэй. Тиймээс хүчлийн дундаж өсөлтийн үзүүлэлтээр Liqui Moly болон Супротек шалгарлаа.

Хамгийн гол нь эдгээр шингэнүүд метанол, төмөр, бензол гэх хориотой элемент агуулдаггүйгээс гадна октаны тоог заагдсан хэмжээнээс хэтрүүлдэггүй юм байна.

ТОГТСОН ӨНГӨРИЙГ ЯАХ ВЭ?

Хөдөлгүүрийг “халтар” жаалтай зүйрлэж болно. Шатахуун болон тос дутуу шатсанаас болж шатах хөндийд өнгөр тогтсоноор дулаан солилцоог бууруулж, шахалтын зэргийг өөрчлөхөөс гадна шатах хөндийг багасгадаг юм. Ингэж байтал дэлбэрэлт ч болж магадгүй. Эдгээр өнгөр ихэвчлэн хавхлагын тавгийн доторх хэсэг болон оруулах хавхлагын шилбэнд үүссэнээр цилиндрт орох холимгийн хэмжээ багасч хөдөлгүүрийн хүч буурдаг. Тэжээлийн систем, тэр дундаа шүршигч форсунк дээр тогтсон өнгөр ажлын холимог үүсэхэд саад болдог.

Хөдөлгүүрийн хэсгээс хамаараад асуудал өөрөөр эргэж болно. Шаталтын хөндий болон хавхлага дээр коксжисон нүүрс шиг хатуу, зузаан өнгөр тогтсон байдаг. Бага температуртай тэжээлийн системд хөө үүсэх боломжгүй тул янз бүрийн зузаантай лаакан хальс, наалт шиг өнгөр тогтдог.

Тиймээс өнгөр арилгах хоёр арга зам бий. Тэжээлийн системийн өнгөрийг уусгаж арилгадаг бол шаталтын хөндийн чулуужсан хөөг органик нэгдлээр шатаадаг юм. Үүний тулд шатахуундаа шаталтын температурыг түр хугацаанд өсгөх зориулалттай нэмэлт бүтээгдэхүүн хийдэг. Аль эсвэл хотоос гараад их хурдаар хэдэн зуун километр давхивал өндөр температур нь элдэв янзын хөө өнгөрийг цэвэрлээд өгнө.

УГААЖ БАЙНА!

Туршилтаар бүх авто химийн бүтээгдэхүүн цэвэрлэж чаддагаа харуулж хөдөлгүүрийн эд анги дээрх өнгөр хамаагүй багасжээ. Бүрэн цэвэрлэхийн тулд илүү их хугацаа хэрэгтэй байсан байж магадгүй. Лабораторийн нөхцөлийг бодвол хөдөлгүүрийн хэвийн  ажиллагааны үед ачаалал хэд дахин нэмэгддэг тул эдгээр шингэний цэвэрлэх чадвар санаснаас илүү сайн байх ёстой.

Гэхдээ хөдөлгүүр өндөр хэмд өөрөө өөрийгөө цэвэрлэчихдэг талтай учир бид эдгээр бүтээгдэхүүнийг хүнд нөхцөлд туршаагүй юм.

Шатахуун зарцуулалтыг багасгах талаар тэргүүн байрыг Liqui Moly болон Супротек нар эзэллээ. Эдгээр бодис хөдөлгүүрийн өндөр ачаалалтай үед шатахуун зарцуулалтыг 3,5-4% харин сул ажиллагааны үед бүхэл бүтэн 7-8%-иар буруулсан юм. Түүнчлэн, хөдөлгүүрийн ажилласан хийн бохирдлыг ихэсгэдэг нүүрс устөрөгчийн хэмжээ харьцангуй доошилсон байна.

Нөгөө бензин яасан бол? Энгийн бензинд ямар нэгэн доголдол гарсангүй. Харин Лукойлын бензин шаталт сайжруулахын зэрэгцээ шатахуун болон CH-ийн хэмжээг буруулсан юм. Тэгэхээр бас угааж цэвэрлэдэг нь үнэн болж таарлаа. Гэхдээ үр дүн нь хэсэг хугацааны дараагаар гарч ирнэ. Туршилтын эхний үед хамаг бохирдол нь тэжээлийн системээс гадагшилж ажлын холимог үүсэх процессд хүндрэл учруулан хөдөлгүүрийн ажиллагааг муутгаж байсан юм. Харин хэсэг хугацааны дараа автомашины динамик тогтворжиж туршилтын сүүлээр дажгүй сайн үзүүлэлтүүд харуулж чадлаа.

Лукойл бензин нэмэлт хольцтой хирнээ цэвэрлэх чанар нь арай “зөөлөн” юм. Харин тусгай цэвэрлэгч бодисууд өндөр концентрацтай болохоор бензинээс илүү сайн байх нь гарцаагүй.

Эд ангийг жинлэж үзтэл тусгай зориулалтын бэлдмэлүүд Лукойл Экто мэтийн цэвэрлэгч-бензинээс хамаагүй илүү болохоо харуулсан юм. Туршилтын явцад ихэнх тортог яндангаар гадагшилж шилдэг бүтээгдэхүүнээр Liquia Moly болон Супротек шалгарлаа.

ХИЙХ ҮҮ ЭС ХИЙХ ҮҮ?

Үр дүнг харвал эдгээр бүтээгдэхүүн хөдөлгүүр цэвэрлэдэг нь үнэн юм байна. Хэрэглэж болно. Гэхдээ хөдөлгүүрийг гэмтээх болов уу гэсэн бодол яаж ч хичээгээд толгойноос гардаггүй ээ.

За байз, бодож үзье. Бэлдмэлийг бензинд хийснээр хүчил төрөгчийн хэмжээ ихэснэ. Ихэнх бензин хангалттай хүчил төрөгч агуулдаг учраас үүн дээр асуудал үүсэх ёсгүй. Гэхдээ манайд метанолын хэдэн арван хувийн хольцтой янз бүрийн болох болохгүй шатахуун байдаг шүү дээ.

Тийм бензин нэг бол их аль эсвэл бүр заасан хэмжээнээс давсан хүчилтөрөгчтэй. Ийм тохиолдолд нэмэлт оксигенат хийгээд хэрэггүй. Тиймээс цэвэрлэгч бодисыг зөвхөн сайн шатахууны хамт хэрэглэж байгаарай. Энэ их чухал шүү.

Эхний зураг дээр  бэлдмэл хийсэн даруйд шатахуун зарцуулалт ихсэх ч сүүл рүүгээ багасан өмнөхөөсөө илүү хэмнэж эхлэхийг харж болно. Цэвэрлэх үйлдэлтэй бензин ердийн бензинээс илүү үзүүлэлттэй ч тусгай зориулалтын бэлдмэлийг гүйцэхгүй нь.

2 дахь зураг дээр ажилласан хийн хорт ялгарлын хэмжээ (CH нүүрс устөрөгчийн үлдэгдэл) нь шатахуун зарцуулалтын графиктай төстэй юм.

Тэгэхээр хөдөлгүүр бохир байх тусмаа цэвэрлэх явцын эхэнд асуудал үүсэх талтай. Тэжээлийн системээс гадагшлах бохир нь түлш дамжуулах хоолойг бөглөснөөр хөдөлгүүрийн ажиллагааг доголдуулж зарим тохиолд паг унтраах ч үе бий.

Тэгэхээр эдгээр автохимийн бүтээгдэхүүн эмчлэх биш урьдчилан сэргийлэх зориулалттай юм шүү. Хэт бохирдсон хөдөлгүүрийг ийм бодисоор цэвэрлэж байхаар цаг алдалгүй авто засварын төвд хандсан нь хамаагүй дээр гэдгийг санаарай.

Түүнчлэн, цэвэрлэгч бодисын үр дүн хөдөлгүүрийг ямар нөхцөлд яаж ачаалуулахаас шалтгаална. Иймд, бэлдмэлээ хийчхээд замын түгжээнд гацвал өнгөрлөө л гэсэн үг. Харин хийсэн даруйдаа хотоос гарч түргэхэн шиг шатахууны саваа хоосортол давхих нь хамгийн зөв шийдэл юм.

Тэгэхээр үргэлж цэвэрлэх үйлчилгээтэй, үнэтэй бензин хэрэглэх боломжгүй жолооч нартаа сайн бүтээгдэхүүн авч байхыг зөвлөмөөр байна. Ядаж жилдээ нэг. Ядаж л урьдчилан сэргийлэхийн тулд.

АРГАЧЛАЛ

Бид мөнөөх “сайжруулсан”, цэвэрлэх үйлдэлтэй бензин шалгасан аргачлал ашиглалаа. Туршилтын хөдөлгүүрийг зориуд бохирдууллаа. Үүний тулд тусгайлан бэлтгэсэн нөхцөлд хөдөлгүүрт шинэ шүршигч форсунк ба очлуур, урьдчилан цэвэрлэсэн шаталтын хөндий ба хавхлага суурилуулж хэдэн арван литр бензин, дизель түлш болон хөдөлгүүрийн тос шатаан түргэвчилсэн хэлбэрээр өнгөр тогтоосон юм. Ингэснээр өнгөр тогтолт жирийн үед 1-2% байдаг бол 7%-аар ихсэж, давирхайн хэмжээ 0-оос 100 см3 бензинд 12 мг хүртэл өссөн юм (дундаж үзүүлэлт 5 мг/100 см3).

Туршилт бүрийн дараа хөдөлгүүрийг задалж шүршигч форсунк, оруулах хавхлага болон очлуурыг жинлэж үзсэн юм. Үүний дараагаар буцааж угсраад хэд хэдэн аргаар хэмжилт хийсэн. Үүнд хөдөлгүүрийн өндөр хэмийн цэвэрлэгээнээс зайлсхийхийн тулд сул ажиллагаа болон бага ачаалалтай горим ашиглалаа. Үр дүнд ялангуяа сул ажиллагааны явцад бохирдол үүсэж шатахуун зарцуулалт болон хийн хор ялгарал ихэссэн юм.

Угаагч бодисыг чанд дарааллын дагуу 80 литр шатахуунаар туршиж үзлээ. Түүнээс гадна энгийн Лукойл А95-К5 шатахуун болон сайжруулсан Лукойл Экто хоёрыг харьцууллаа. Үе үе хөдөлгүүрт гарах өөрчлөлтийг хэмжин цэвэрлэгч бодисын ажиллагааг шалгаж байсан. Үүнийг дараагаар хөдөлгүүрийн эд ангийг салгаж жинлээд зургийг нь дарсан.

Ингэснээр илүү бодит үр дүнг харж болох юм. Эцэст нь буцааж угсраад ямар нэгэн бэлдмэлгүйгээр энгийн бензин хийсэн юм.