ХУВЬ ТАВИЛАН

Автомашин үйлдвэрлэгч зарим компанийн бэлгэ тэмдгийн утгыг тайлцгаая. Дмитрий Фёдоров тэдгээр бэлгэ тэмдэг хэрхэн үүссэн талаарх дэлгэрэнгүй тайлбар бэлджээ.

Гэр бүлийн өв

Энэ удаад цэвэр америк угшилтай компаниудын бэлгэ тэмдгийн тухай ярилцъя. Cadillac-ийн эмблем нь 1701онд өдгөө автомашин үйлдвэрлэлийн нийслэл гэгддэг Детройт хотын суурийг тавьсан Гасконийн уугуул Antoine Laumet de La Mothe, sieur deCadillac жанжны гэр бүлийн сүлдээс гаралтай.

Гэхдээ жанжин болон түүний үр хүүхдүүд Cadillac хэмээх алдартай маркад ямар ч хамааралгүй.Cadillac нэрийг Хенри Лиланд гэгч инженер 1903 онд Хенри Фордын анхны бөгөөд амжилт олж чадаагүй үйлдвэрийн суурь дээр байгуулсан компанидаа зориулан сонгож авч байжээ.

Иймэрхүү түүх Дэвид Данбар Buick-ийн гэр бүлийн сүлдэнд ч бас тохиолджээ. Дэвид 1903 онд өөрийн нэрийн автомашины пүүсээ байгуулан тэр даруйдаа алдчихсан түүхтэй.Удалгүй Buick-ийн суурин дээр General Motors концерн байгуулагдсан байдаг.

Гэхдээ Дэвидийг нас барснаас хойш буюу 1937 онд анх Buick нэрийн машинуудыг түүний гэр бүлийн сүлдтэйгээр үйлдвэрлэж эхэлжээ.Хожим 1959 онд Buick-ийн сүлдэн дээрх бамбайн тоо гурав болж нэмэгдсэн байв.

Бамбай тус бүр нь компанийн тухайн үед үйлдвэрлэж байсан Buick LeSabre, Buick Invicta,Buick Electra гэсэн хамгийн чухал гурван загварыг бэлгэдэж байв. Өдгөө эдгээр загвар түүхийн он жилүүдтэй хамт улиран одсон ч гурван бамбай бүхий сүлд нь амь бөх оршсоор байна.

Chevrolet-ийн загалмайн (эрвээхэй зангиа ч гэдэг) түүх их бүрхэг. Домогт уралдаанч Луи Шевроле 1911 онд Уильям Крапо Дюрантын хамтаар Chevrolet компанийг байгуулж байжээ.

Тиймээс компанийн бэлгэ тэмдгийг бүтээхдээ Луигийн эх орон болох Швейцар улсын далбаан дээрх загалмайг хуулбарлан авсан гэж таамагладаг. Өөр таамаг ч бий.Үүгээр бол Луи Францын нэгэн зочид буудлын ханын цаасан дээр төстэй зураг олж хараад автомашины эмблем болгоход тохиромжтой дүрс хэмээн үзсэн гэлцдэг.

Итали сэтгэлгээ

Италийн Альфа Ромео пүүсийн бэлгэ тэмдэг ч бас загалмайн дүрстэй. Шинээр байгуулагдсан Миланы A.L.F.A компанийн эмблем бүтээх захиалга авсан зураач Романо Каттонео цагтаа миланчуудад сайн танил болсон бэлгэ тэмдэг ашиглахаар шийджээ. Баатар жанжнуудад гардуулдаг Их Эзний Ариун Чандарын нэрэмжит одонгийн далбааны цагаан дэвсгэр дээрх улаанзагалмай нь эртнээс нааш Милан хотын сүлдний үндсэн дүрс байсаар ирсэн.

Энэ нь уг хотын уугуул Жованни Да Рио анх Иерусалимын цайзын ханан дээр тэрхүү ариун далбааг мандуулснаас үүдэлтэй. Ирээдүйн эмблемний хоёр дахь хэсгийг Каттанео санамсаргүй байдлаар олж харсан гэдэг. Дундад зууны үед Миланы дээдсийн хүрээлэнд нэр хүндтэйд тооцогдож байсан Висконти ургийнхны гэрийн үүдэнд трамвай хүлээж зогсохдоо Романо төв хаалган дээр нь хүн залгиж буй могойн дүрс бүхий сүлд байгааг ажиглажээ.

Харин Висконти ургийнхны энэхүү сүлдийн үүсэл гарал тодорхойгүй, олон төрлийн таамаг л яригддаг. Тухайлбал, нэгэн домогт Миланы ойр орчимд хүүхэд суйлдаг асар том могой амьдардаг байсан бөгөөд түүнийг Оттони Висконти алж чадсан тухай гардаг. Бас нэг домогт Оттони ээлжит загалмайн аянд явж байхдаа мусульман шашинт дээрэмчнийг алж түүний бамбай дээрх сүлдийг өөрийн сүлд болгож залсан гэдэг.

Аль нь ч үнэн бай гэсэн Висконти ургийнхны мартагдах шахаад байсан тэрхүү сүлд Alfa Romeo компанийн автомашин дээр залагдан хоёр дахь амьдралаа олж авсан түүхтэй

Lancia компанийн бэлгэ тэмдэг бас тодорхой хэмжээгээр цэрэг тайжийн сэдэвтэй холбогддог. Тус компанийн эмблемийг анх 20 дугаар зууны эхээр автомашины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зураач,алдарт ван Карло Бискаретти ди Руффиа зохиосон бөгөөд тухайн үед автомашины жолооны хүрдийг эртний бамбай, жад тэргүүтэнтэй хослуулан дүрсэлсэн байв.

Руффиа үүгээрээ анхны жолооч нарын эр зоригийг дундад зууны эрэлхэг баатруудын эр зоригтой адилтган илэрхийлсэн байв. Харамсалтай нь, өнөөгийн бэлгэ тэмдэгт анхны санаанаас нь бараг юу ч үлдээгүй. Цэнхэр өнгийн дэвсгэр дээр бамбайнаас гадна жолооны хүрдийг муухан дуурайсан дүрс л бий.

Alfa Romeo, Lancia компаниуд сүүлийн хэдэн арван жилийн турш FIAT концернийн бүрэлдэхүүнд багтаж байна. Италийн автомашин үйлдвэрлэлийг бүхэлд нь худалдаж авч чадсан FIAT компани цагтаа спорт-кар бүтээж байсан Abarth хэмээх жижгэвтэр компанийг ч бас өөрийн эзэмшилдээ авчээ. Abarth-ын сүлдэн дээр хилэнцэт хорхойн дүрс байгаа шалтгааныг тайлбарлахад амархан.Тус компанийг анх үүсгэн байгуулсан Карло Абарт Хилэнцийн ордонд төрсөн байжээ.

Ферручио Ламборгини ч бас Үхрийн ордондоо их хүндэтгэлтэй ханддаг байсан тул түүний нэрийн автомашинуудын эмблем дээрх тулаанч бух санамсаргүй орж ирсэн дүрс биш юм. Ферручио корридаг буюу бухын тулааныг шимтэн сонирхдог байсан бөгөөд 1962 онд автомашин үйлдвэрлэх санаа өвөрлөн Испанийн Севилья хотыг зорихдоо өөрийн нэрэмжит цэвэр үүлдрийн тулаанч бухаараа алдаршсан дон Эдуардо Миурагийн эдлэн газар зочилсон байдаг.

Эдгээр амьтны хүч чадал, эмнэг зан нь Ламборгиниг үнэхээр алмайруулж, гайхшруулж чадсан учраас тэрээр автомашины компанийнхаа эмблемд агсам бухын дүрсийг эргэлзэлгүй тусгасан гэдэг. Цаашид Lamborghini маркийн загваруудыг нэрлэхдээ тус компани бухын тулааныг үндсэн сэдвээ болгосоор ирсний зэрэгцээ хамгийн алдартай нэг автомашинаа Miura гэж нэрлэсэн байдаг.

Ган төмрийг тойрсон хувилбарууд

Шведийн Volvo компани бүр өнөэртний бэлгэ тэмдэг ашигладаг. Тойргоос баруун дээшээ хандсан сумбүхий бэлгэ тэмдгийг аль Ромын эзэнт гүрний үед ашиглаж байсан төдийгүй дайны бурхан Марс (тойрог, сум нь илд, бамбайг бэлгэднэ)-аар нэрлэгдсэн гарагийг тэмдэглэдэг дүрс байжээ. Аливаа дайн тулааныг металлаар хийсэн зэвсэггүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээх санааг дэлгэрүүлэн хожмоо химийн шинжлэх ухаанд төмрийг ч бас Марсын бэлгэ тэмдгээр илэрхийлдэг болсон түүхтэй.

Одоо 1920-иод оны үед шилжицгээе. Энэ цаг үед “швед ган” гэх ойлголт дээд зэргийн чанар гэх утгатай дүйдэг байжээ. Тиймээс ч цагтаа бул араа үйлдвэрлэж байгаад автомашины үйлдвэр байгуулсан Шведийн SKF компани хожим Volvo нэр авсан маркийнхаа бэлгэ тэмдгээр төмрийн эртний дүрсийг сонгон авсан байдаг.

Үүгээрээ шведчүүд өөрийн бүтээсэн автомашинаа жинхэнэ швед гангаар хийсэн аливаа эдлэлийн адилаар бат бөх чанартай гэх ойлголтыг түвэггүй хүргэсэн гэж үздэг. Сонирхуулахад Volvo-гийн радиаторын гоёлын хамгаалалтан дээрх хөндлөн зураас эхэндээ өөрийн гэсэн тогтсон үүрэгтэй эд байжээ. Түүний ачаар эмблемийг радиаторын торон дээр тогтоодог байсан аж. Хожим радиаторыг хөдөлгүүрийн хэсэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хөндлөн зураасыг ашиглахаа больсон байсан хэдий ч 1960-аад оны эцсээр эргэн сэргээж, гоёлын зориулалтаар хэрэглэх болсон түүхтэй.

Францын Citroen компанийн эмблем үүсэн бий болсон түүх ч бас гангийн боловсруулалттай холбоотой.Андре Ситроен нь тахир шүдтэй хос хөтлөгч араа бүхий шүдэт дамжуулгын механизм нэвтрүүлснээрээ алдаршсан нэгэн.

Шүдэт дамжуулга нь тухайлбал уурын хоолойноос гарах эргүүлэх хүчийг алгуур, зөөлөн дамжуулах боломжоор хангаж өгдөг. Ийм механизм үйлдвэрлэхэд нарийн аргачлал шаарддаг учраас Андре шрапнельт зэвсгийн үйлдвэрээ автомашиных болгон өөрчлөх шийдвэр гаргаж, улмаар чанарын дээд зэргийг илтгэдэг V хэлбэрийн дүрсийг (хос шеврон) бэлгэ тэмдгээрээ сонгож байжээ.

Францын Renault маркийн автомашинуудын капотыг гоёж байдаг чамин ромб дүрсийг ёстой санамсаргүй байдлаар сонгосон байдаг. 20 дугаарзууны эхний арван жилд уг маркийн автомашинууд хөдөлгүүрийн хэсгийн өвөрмөц бүтцээрээ ялгардаг байсан юм.

Тодруулбал, радиатор нь хөдөлгүүрийн ард, харин индүүний улыг санагдуулам гурвалжин хамартай капот нь битүү загвартай байв. 1920-иод оны эхээр Renault-д цахилгаан ажиллагаатай дуут дохио тавих болсноор капотонд завсар гаргаж, уг завсрыг компанийн нэртэй дугуй тагаар тагладаг болжээ.

Хэдэн жилийн дараа дизайнерүүд энэхүү дугуйг ромбоор сольсон байдаг. Өнөөгийн ромб нь хэлбэрээрээ төстэй боловч ерөнхий төрхөөрөө өөр, тухайлбал өмнө нь Renault гэсэн бичиг ромбын голд байжээ.

Бидний сайн мэдэх Renault-ийн өнөөгийн эмблем нь бүр хожуу 1972 онд оп-арт (optic alart) буюу нүд хуурах урлагийг үүсгэлцсэн авангард урсгалын зураач Виктор Вазарелигийн хүчин зүтгэлээр бий болжээ. Вазарели эмблемийг зохиохдоо өөрийн эрхэлдэг уран бүтээлтэйгээ нягт уялдуулсан байдаг. Тиймээс Renault-ийн хавтгай ромб нь 3D хэмжээст дүрс шиг харагддаг билээ.

Энэ мэтчилэн геометрийн энгийн дүрс орсон эмблемүүдийн талаар ярихад Audi-гийн холбоотой дөрвөн цагираг санаанд орж ирнэ. 1932 онд Германы DKW, Horch, Wanderer болон Audi гэсэн дөрвөн компани нэгдэн Auto Union концернийг байгуулахад эдгээр цагираг нь дээрх компаниудын бат бэх харилцааг бэлгэдэхийн зэрэгцээ тус тусын компанийн эмблемд нэмэлтээр орж байв. Дэлхийн II дайн дууссаны дараа концерн оршин тогтнохоо больж, олонх маркийн үйлдвэрлэл зогсоосон байжээ.

Гэхдээ DKW маркийн автомашинууд холбоотой дөрвөн цагираг бүхий эмблемийг авч үлдэж чадсан байв. Чингэтэл 1959 онд уг групп Daimler Benz компанийн саварт орсон ч ирээдүйд ашиггүй хувьцаа хэмээгдэн ад үзэгдэж, удалгүй Volkswagen компанийн мэдэлд шилжиж байжээ. Хаа очиж шинэ эзэд нь хамаагүй ухаалаг хандаж, улмаар1965 онд Audi брэндийг эргэж сэргээж, холбоотой дөрвөн цагираг бүхий эмблемийг нь өвлүүлсэн түүхтэй.

Daimler AG концернийн үйлдвэрлэдэг Smart маркийн автомашины эмблем нь тун ойлгомжтой. Анх харахад Volvo-гийн эмблем дээрх өнөөх л тойрог, сумыг арай орчин цагийн хэлбэрт оруулсан мэт санагдана. Үнэн хэрэгтээ энэ нь compact гэх үгийн C үсэг бөгөөд сум нь forward thinking буюу тус компанийг дэвшилтэт сэтгэхүйтэй ажиллана гэдгийг илэрхийлдэг ажээ.

Oддын мөрөөдөл

Subaru-гийн эмблемийг тун энгийн зарчмаар бүтээсэн байдаг. Дашрамд дурдахад, уг автомашин бусдын адил үүсгэн байгуулагчийн нэр эсвэл элдэв товчлол ашиглалгүй нэрэндээ тодорхой утга агуулсан Японы цорын ганц марк юм. Subaru гэдэг нь мичид буюу тэнгэр дахь Үхрийн одны ордны бүлэг одыг нэрлэдэг аж. Энэхүү автомашины үйлдвэрлэлийг эгнээндээ багтаасан Fuji Heavy Industries концерны захирал Kenji Kita өөрөө энэ нэрийг санал болгосон гэдэг.

Тэгвэл Mitsubishi-гийн бэлгэ тэмдэг нь компанийхаа нэртэй нягт холбоотой. Тэр бүү хэл, бэлгэ тэмдэг нь анхдагч, харин нэр нь дараа бий болсон ажээ. Өдгөө 130 “нас” хол даваад байгаа энэхүү бэлгэ тэмдэг нь хоёр ургийн сүлдийн нийлбэрээс үүдэн бий болжээ.

Тухайн үед бизнес эрхэлж явсан Ивасаки Ятаро“Цүкүмо” компаниа үүсгэн байгуулсны дараа давхарласан гурван ромбо /ижилхэн ханзтай учир гурван алмаас эрдэнэ ч гэдэг/ бүхий гэр бүлийнхээ сүлдийг өөрийг нь ивээн тэтгэж явдаг Тоsа ургийнхны сүлдтэй нийлүүлэхээр шиджээ. Компанийн эмблем ингэж л бий болсон бөгөөд “Mitsu” гэдэг нь гурав, “bishi” гэдэг нь ромб эсвэл бриллиант гэсэн утгатай ажээ.

Mitsubishi-гийн эмблемийн настай харьцуулахад Mazda-гийн эмблем их залуу. Энэхүү бэлгэ тэмдэг 1987 онд компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр бий болсон. Японы олонх компанийн адилаар Mazda зөвхөн бичиг бүхий тэмдэглэгээтэй, өөрийгөө илэрхийлэх тод бэлгэ тэмдэггүй явсаар олон жилийг үдсэн байв. Тиймээс 1990-ээд оны эхээр тус компани өөрийн гэсэн бэлгэ тэмдэг боловсруулах оролдлого хийсэн ч амжилт олоогүй. Тойрог дотор багтаасан ромб нь зохион бүтээгчдийн хүссэнээр нарны дүрсэн дээрх галын дөл бус олонх хэрэглэгчдэд Renault-ийн бэлгэ тэмдгийг санагдуулж байжээ.

Харин өнөөгийн бэлгэ тэмдэг нь нэлээн урт насалж магадгүй: зууван тойрог доторх чагтыг хүмүүс олон зүйлтэй зүйрлэж боддог. Чагт нь компанийн нэрний эхний үсэг шиг эсвэл жигүүрээ дэлгэн нисч яваа шувуу шиг харагддаг... Сүүлийн жилүүдэд гарч ирсэн эмблемүүдийг харьцуулж үзэхэд Mazda графикийн хамгийн цэмбэгэр шийдэл бүхий бэлгэ тэмдэгтэй компанийн нэгт тооцогдоно.

Японд амжилт дагуулсан пиарын дараагийн жишээ нь Lexus-ын L үсэгтэй зуйван тойрог бүхий эмблем. Уг эмблемийн анхны цэмбэгэр зураасууд Caddilac-ийнх шиг загвартай бэлгэ тэмдэгтэй болох сэдлийг төрүүлсэн гэдэг.

Тэр бүү хэл, эх компани Тoyota-г бас өөрийн гэсэн бэлгэ тэмдэгтэй болоход нь нөлөөлсөн байдаг. Учир нь 1980-аад онд Toyota ердөө нэрийн бичгээрээ автомашинуудаа гоёж байсан нь корпорацийн нэгдсэн төрхийг сахиулах үйлст хүндрэл учруулдаг байжээ.

Тиймээс 1989 онд Тoyota гурван зуйван дүрсний хослолыг анх танилцуулсан байдаг. Дотоод хоёр зуйван тойрог нь “Т” үсэг үүсгэн худалдан авагч, үйлдвэрлэгч хоёрын нэгдлийг илэрхийлдэг бол гадаад зуйван тойрог нь аль алиных нь хүсэл, эрмэлзлэл дэлхий дахинд хэрэгжих өргөн боломжийг илтгэдэг байна.

Toyota-гийн гол өрсөлдөгч болох Nissan пүүсийн эмблем эсрэгээрээ нэлээд эртнээс буюу автомашинуудаа Datsun нэрээр үйлдвэрлэж байсан үеэс нь улбаатай. Бэлгэ тэмдгийн хийц болон утга нь тун энгийн. Дээрээ бичиг бүхий тойрог нь Японы уламжлалт сүлд гэгддэг мандаж буй нар юм.

Тэгвэл Nissan-ны люкс зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг Infiniti компанийн бэлгэ тэмдэг хүмүүст баялаг төсөөлөл төрүүлнэ. Тасралтгүй мөнхийн хөдөлгөөнийг бэлгэдсэн зуйван тойрог, үл төгсөх хязгаар руу тэмүүлсэн зам гээд бидний сайн мэдэх бүх зүйл энд бий.

Англиар үл төгсөх хязгаарыг чухамхүү “infinity” гэдэг. Харин компани автомашин дээрх бичгийг жигд цэвэрхэн харагдуулах үүднээс сүүлчийн үсгийг нь “i” үсгээр сольсон байдаг. Infiniti-гийн бэлгэ тэмдэг математикийн ухааны хязгааргүйн тэмдэглэгээтэй ч бас төстэй харагддаг. Компанийн мөн чанар, брэндийн нэр хоёр бэлгэ тэмдэгтэйгээ хэрхэн зохицож болдгийг харуулсан сайхан жишээ шүү!

Оросын автомашин үйлдвэрлэгчид дунд ч бас гайхалтай эмблемтэй компаниуд бий. Тухайлбал, ГАЗ хамгийн өнгөлөг, үндэсний хэв маяг шингээсэн бэлгэ тэмдэгтэй. Бугыг ГАЗ-ын үйлдвэр байрладаг Нижний Новгород хотын сүлдээс авсан байдаг бол эмблемийн дээд талын “шүднүүд”нь тус хотын Кремлийн ханын дүрс юм.

УАЗ маркийн газар сайгүй явагчид даруухан мөртлөө олон төсөөлөл төрүүлж чадах эмблемтэй. Дэлгэсэн жигүүр мэт зураасууд нэг талаасаа Ижил мөрний уудам тал газрыг бэлгэддэг цахлай шувууг санагдуулна.Бас нэг өөрөөр харвал үйлдвэр болон маркийн нэрийн эхний “У” үсгийг үүсгээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Нэгэн цагт оршин тогнож байсан ВАЗ аливаа компанийг гоёмсог бөгөөд илэрхийлэл сайтай график бүхий бэлгэ тэмдэгтэй байж болдгийг батлан харуулж байв.

ВАЗ-ын эмблем дээрх эртний том завь нь Ижил мөрнийг бэлгэдсэн (үйлдвэрийг эрэг дээр нь барьсан байгаа) бөгөөд завины тулгуур шон, дарвуул болон завины хамар хэсэг нийлээд “В” үсэг үүсгэдэг байлаа. Харин өнөөгийн АВТОВАЗ-ын эмблем тэгш өнцөгт хэлбэрээ алдан илүү абстракт маягийн зуйван тойрогтой болсноор агуулж буй утгыг шууд ойлгоход түвэгтэй болжээ.

Xуулбар

Энэ далимд бүтээлийн хулгайн талаар цөөн хэдэн үг дурдъя. Бүтээлийг хулбарлахдаа гайхамшигтай мэргэшсэн хүмүүс бол хятадууд. Юундаа ч гайхах вэ дээ. Лицензгүйгээр бүхэл бүтэн автомашиныг хуулбарлан үйлдвэрлэж болж байхад өчүүхэн бэлгэ тэмдгийн санааг зээлдэхэд яагаад болохгүй гэж? Тархи толгойгоо ажиллуулж, шинэ бэлгэ тэмдэг боловсруулах ажилд тусгайлан мөнгө зарах шаардлага бий гэж үү? Хятадад эмблем хуулбарлах ажил аймшигтай газар авчээ. Бүгдийг нь тоочих аргагүй тул хамгийн тод хэдэн жишээг дурдъя.

Тухайлбал, BYD автомашины бэлгэ тэмдэг. Харангуут л BMW-ийн бэлгэ тэмдгийг дуурайсан болохыг ойлгоно.

Мөн Chery компанийн бэлгэ тэмдгээс Infiniti-гийн өнөөх зуйван тойрог,өнөөх чагт харагдана. Ингэхэд BMW, Infiniti хоёр дэлхий дахинаа тодорхой хэмжээний нэр төртэй компаниуд тул хятадууд одоо хүний санаа хулгайлахдаа болгоомжтой хандах цаг болсон гэж энэ зуур сануулмаар санагдлаа.

БНХАУ-д бүхнийг хуулбарлах гэсэн хүсэл нь заримдаа байж боломгүй үйлдэлд хүргэсэн харагддаг. Тухайлбал, нэрд гараагүй хэдэн арван жижиг компани хуулбараас дахин хуулбарлах ажил эрхлэх болжээ.Хятадын зарим компани ийм явдал сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг ухааран бүтээгдэхүүнээ дэлхийн уудам зах зээл рүү нэвтрүүлэхээс өмнө өөрийн гэсэн барааны тэмдэгт боловсруулахыг хичээж байна. Гэхдээ энэ ажилдаа тэр бүр амжилт олж чадахгүй байна. Учир нь бэлгэ тэмдэг боловсруулах ажил урлагийн онцгой төрөл, тухайн төрлийн онцлогийг сайн эзэмшсэн мастер, хэрэглэгчийн сэтгэл зүйг нарийн мэдрэх чадварыг шаарддаг.

Дээр нь мэдээж хэрэг, олон жил уйгагүй ажиллах шаардлага тулгарна. Уран бүтээлийн зөвхөн ийм л нэгдлийн дүнд алдартай компаниудын бэлгэ тэмдэг төрөн гарч байсан түүхтэй.

Даруухан боловч ихийг өгүүлэх, анхдагч бөгөөд гоёмсог тэр л бэлгэ тэмдгүүд... Тэдний туулсан түүх хуулбарлахад бус суралцахад туслах сайн үлгэр жишээ юм шүү!