МӨНХӨӨ АХ ZIL 130-ТАЙГАА ИРЖ ЯВНА УУ ДАА

Тэр он жилүүдэд Догоо бид хоёр цуг өсч өндийсэн юм. Манай нутаг чинь алсын алсад, аяны шувууд зовж хүрдэг газар байх. Хачирхалтай нь Догоо бид хоёр хоёулаа хөгшин аавынхаа голомтон дээр гарсан зээ нар байлаа. Тэрсхэн болохоор эмэг, өвөг минь биднийг ёстой нэг эрхлүүлнэ. Ах, эгч нар ч мөн ялгаагүй. Гэвч тэр үед юм гэдэг ховор живэр. Алим, улаан ус, сарлагтай чихэр ер нь нүдний гэмээ.

  • Харин ховрын ховор тэр сайхан амттай, шимттэнг бидэнд аймгийн төвөөс Мөнхөө ах минь авч ирж өгнө. Мөнхөө ах гэдэг нь нутаг хошуундаа уран гэдгээрэй алдартай явсан Баян дарханы хоёрдугаар хүү, миний эмэг ээж Жаргалын төрсөн дүү юм. Мөнхөө ах гэвч байнга аймгийн төвөөс ирж чадахгүй. Өөрөө авто баазын жолооч болохоор тээвэрт их явна. Тэгээд ажлынхаа өчүүхэн жаахан зав чөлөөгөөр биднийг гэсээр ирнэ.

Мөнхөө ах дунд эргэм нуруутай, өтгөн сайхан хөмсөгтэй, байнга л алсын алсыг харж байгаа юм шиг нүдээ үл мэдэг онийлгож явдаг, дуу цөөтэй, хөндлөнгийн хүнд бол “яхирдуу юм уу даа” гэмээр хүн байв. Гэвч хүүхэд багачуудыг харахаараа Мөнхөө ахын нөгөө онигор нүд нь томроод, дуугүй, төв царайд нь баяр жаргал дүүрээд ирдэг байсан нь тод санагдаж байна.

  • Бид чинь хаврын хавсрага, зуны нар бороо, намрын шаргал гуниг, өвлийн их хөр цасан дунд Мөнхөө ахынаа ЗИЛ-130 машааны дууг мөрөөдөж суудаг хүүхдүүд байлаа. Яг л тэртээ алс, тэнгэрийн хаяаанаас морин хуур дуугарч байгаа юм шиг бүдэгхэн хүнгэнэсээр Мөнхөө ахын минь ЗИЛ-130 машаан давхиад ирэх нь мөн ч сайхан.

Бид ахынхаа машины дууг хаанаас ч анддаггүй хүүхдүүд байв. Мөнхүү одоо бодоод байх нээ Мөнхөө ахын минь ЗИЛ-130 машин тэгж морин хуур шиг  уянгалан, эгшиглэн хөндий тал дүүрэн хүнгэнэхийн зэрэгцээ, монгол хуурын хос чавхдас шиг замаар биднийгээ, ахан дүүсээ, анд нөхөд, нутаг усаа гэсээр зорьж ирдэг байж дээ. Хүн гэдэг бага залуудаа мунхаг байдаг юм билээ. Яагаад гэхээр тэр үед Мөнхөө ахынхаа тухай тэр болгоныг мэддэгүй, өөрөөс нь асууж  явсангүй.

  • Нөхөр Баянгийн Мөнхөө нь 1943 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт малчин ардын гэр бүлд төржээ. Мөнхөө бүрэн бус дунд боловсролтой, автомашины жолоочийн мэргэжилтэй. Мөнхөө 1966-1970 онд Завхан аймгийн 20 дугаар автобаазад засварчин, жолооч, 1970 оноос Хатгал хотын 24 дүгээр авто баазад жолоочоор үр бүтээлтэй ажиллаж байна. Мөнхөө V,VI таван жилийн төлөвлөгөөг 114,6-143 хувиар давуулан биелүүлсэн.
  • Мөнхөө 1967 онд МАХН-д гишүүнээр элссэн байна. Мөнхөөг V, VI таван жилийн гавшгайч цол, тэмдэг, БНМАУ-ын тээврийн яамны 50 жилийн ойн медалиар шагнажээ. Нөхөр Баянгийн Мөнхөө нь олон түмний дунд нэр хүндтэй, манай тэргүүний тээвэрчний нэг юм. Мөнхөөг Хөвсгөл аймгийн Ардын Дептатуудын хурлыг сонгох 13 дахь удаагийн сонгуулиар аймгийн Ардын Депутатын Хурлын депутатаар сонгохоор Хатгал хотын авто баазын сонгуулын 141 дүгээр тойргийн хөдөлмөрчдийн хурлаас нэрийг нь дэвшүүлж байна.

Дүү бид хоёрт Улиастай Эрдэнэхайрхан хоёрын хооронд чихэр зөөдөг байсан ах минь ингэж амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж явжээ. Энийг нь бид даанч мэдээгүй явсаар сайхан ахыгаа салхинд хийсгэчихсэн байна. Энд

Мөнхөө ахын тухай бичсэн бас нэг сонингийн тасархай үлджээ. Түүн дээр өгүүлснийг үзвэл “Аймгийн 20 дугаар авто паркийн шатахуун тээврийн жолооч, МАХН-ын гишүүн Баянгийн Мөнхөө хоёр жил есөн сард дөрвөн жил найман сарын ажил гүйцэтгэж Зөвлөлт Холбоот Улсын XI таван жилийн гавшгайч цол, тэмдгээр шагнагджээ.

Фото зургийг Дашзэвэг” гэсэн байна. Энэ жаахан мэдээний дээр монхор хөх ЗИЛ-130 толгойтой шишчерийнхээ өмнө даруухан зогсоод баруун гараараа машиныхаа хүнд төмөр гупернээс  барьсан ахын минь зураг бүдгэрчээ.

63-42 энэ бол Мөнхөө ахын ЗИЛ-130 машины номер. Өвлийн саргүй хүйтэн шөнө Мөнхөө ахын ЗИЛ-130 нөгөө л Монгол хуурын хос чавхдас шиг манай нутгийн замаар давхиж ирэхэд энэ тоонууд газар унасан одод шиг гялалзсаар байдагсан. Энэ тоонууд бас зуны намуухан үдэш өвс цэцэг, өргөн хангайг гэрэлтүүлсээр ирдэгсэн.

Хөгшин ээж маань Мөнхөө ахын тухай их ярина. Нэг удаа “Мөнхөө ах чинь тээвэр тээж явжээ. Тэгээд Дарханд очоод Цогоо ахын чинь гадаа машаанаа тавиад орж цайлж гэнэ. Тэгсэн чинь машааныг нь нэг хүн хулгай хийгээд зугтаж. Мөнхөө ах чинь хоёр давхар байшингийн цонхоор үсэрч буугаад хулгайчийн араас өөр нэг тээвэрчний тэргэнд суугаад элдэж.

Тэгтэл нөгөө хулгайч ахын чинь машааныг Дарханы тээр доод хөндий рүү аваад зугтааж гэнэ. Гэтэл тэр цаана нь нэг 69 амдаж давхиад байх юм гэнэ. Ах чинь давхисаар нэлээд ойрттол нөгөө хулгайч ахын чинь машааныг орхиод өнөө 69-дөө сууж, арилаад өгсөн гэнэ билээ. Үгүй, мөн сонин шүү. Тэр үед бас машаан тэрэг хулгай зэлгий хийдэг улс байсан байгаа юм даа” гэх нь өдгөө үдшийн үлгэр шиг санагдана.

  • Хөгшин ээж бас нэг удаа “Мөнхөө ах чинь хайрхаан, өвөл хөвсгөл далай дээгүүр тээвэр тээж явсан гэнэ лээ. Гэсэн чинь нөгөө айхавтар хар хил гэгч нь гэнэт гарч ирээд тэвдүүлсэн юм гэдэг. Урд нь явж байсан шишчерүүдийн жолооч нар сандраад огцом тормос гишгэж, чиргүүл нь хайчлаад, гулсаж, сэнсрэн сүйд болох шахаж. Харин Мөнхөө ах чинь шулуухан дайраад мангасын ам шиг харанхуй далайн хар хилэн дээгүүр тэргээрээ харайлгаад гарсан гэсэн шүү” гэж яриад бурхандаа залбирч билээ.

Ахаа, Хөгшин ээж хоёрыг хүргэж өгөхөөр Мөнхөө ах ирж явжээ. Гэтэл гэнэт өмнөөс нь чоно босоод харайж. Мөнхөө ахын хавинд Бердан гэдэг айхавтар том буу явдаг байсан. Ах ч буугаа суга татаж аваад ахаад жолоогоо өгч. Ахаа тэр үед 12, 13 настай л байсан болов уу. Хөгшин ээж тэвдээд “Үгүй Мөнхөө минь чи чинь яаж байна аа” гэсэнд “Жаажаа та тайван байж бай. Алив Ганбатаа миний хүү гишгээд байгаарай. Чоноо дагаж эргүүлээд байгаарай” гэжээ. Чоно ч сул хөндийд нэлээд зугтаж. Ахаа ч Мөнхөө ахын ЗИЛ-130-аар тэр чоныг сайн элдэж. Эцэст нь антай, олзтой харьцгаажээ.

  • Мөнхөө ахын усан цэнхэр өнгөтэй ЗИЛ-130 машин гэрийн гадаа ирээд зогсож байх нь хүдэр чийрэг сарлагийн хөх бух шиг сүртэй харагддагсан. Бид чинь хүүхдүүд болсон хойно машины хавинд тоглоно гэж жигтэйхэн. Тэр болгонд Мөнхөө ах минь тэргэнийхээ дугуйн дор том чулуу эвчихээд “Заа миний хүүхдүүд араа соёонд битгий хүрээрэй” гээд инээж зогсоно. Ганц бах нь ханасан хүүхдүүд ахынхаа машины хавинд суучихсан хошуугаа цорвойлгоод л, бүдүүн нарийн дуугаар хүнгэнэлдэж, томоо гэгч нь дааман хар үрүүлийг нь хоёр тийш нь хөдөлгөнө. Мөнхөө ахын 130-ийн үрүүл хатуу байгаагүй юм шүү.

Мөнхөө ахыг 130-тайгаа ирээд явсны дараа дугуйных нь мөрийг хайрлаад, газар дэлхийгээс арилгамааргүй санагддаг байлаа. Заримдаа бүр үхрийн баасан дээр үлдсэн ахын машины мөрийг эвтэйхэн авч хатаагаад аргал болгон хадгалж байсан удаа ч Догоо бид хоёрт бий. Бид ахдаа тийм л их хайртай байсан. Мөнхөө ахынх өнөр өтгөн айл. Тэднийх гурван охин, нэг хүүтэй. Харин намайг төрөхөд ганц хүүдээ хань болгох гэж гуйсан ч хөгшин аав загнаад өгөөгүй юм гэнэ лээ. Би бага балчиртаа энэ яриаг сэм сонсоод “Би Мөнхөө ахын хүүхэд л болох байж, тэгсэн бол гоё байхгүй юу” гэж боддог байлаа...

  • Мөнхөө ах архи огт уудаггүй, дарх сайхан хийдэг хүн байсан юм. Тэдний гэр Улиастайн төвд, одоогийн есөн цагаан суваргатай толгойн зүүн шилдэх, Баазын хашаанд байна. Тэдний байшингийн цонхных нь дор нэг том мод ургасан байдаг байсныг би одоо ч сайн санаж байна. Заа байз, улиас байл уу даа. Бас тэдний хоёр өрөө шав хийсэн цэмбэгэр байшинтай залгаа Мөнхөө ахын лаборатори байдаг байв. Бид тэгж нэрлэдэг байсан юм. Тэндээ ах минь ороод суучихна. Дарх хийнэ, хазаарын товруу, товч сайхан цохино. Аав нь том дархан байсан болохоор тэр биз. Би бас Мөнхөө ахын тэр лаборатори дотор нэг том цахилгаан точийл байсныг сайн санагдаг. Ах минь тэр том точийлондоо юм үрэхэд алтан шаргал өнгөтэй очнууд агаарт гэрэлт утас шиг харагддаг байжээ.

Тэр үед гар утас, интернэт юу ч байхгүй байсан болохоор Мөнхөө ах гэнэт л хүрээд ирнэ. Машин дуугарахаар л Мөнхөө ах ирж байна уу даа, Мөнхөө ах гэсээр бид уул, хамар өөд уралдана. Нээрээ ах ирж байна гээд гэр рүүгээ гүйлдэж, хөгшин ээж унд цай бэлдэн, хөгшин аав дүүгийнхээ тэргэний дуунд чих тавина. Хожим гэтэл хөгшин аавыг тэнхээрхэж, тэнгэртээ буцах болоход Мөнхөө ах хажуугаас нь өчүүхэн ч холдоогүй. Тэр зун, намар Мөнхөө ахын монхор хөх Зил-130 манай гадаа гандсан юм даа. Чингээд нутаг сэлгэх болоход Мөнхөө ахын ЗИЛ-130 дээр манай хотын дөрвөн гэр ачаалж, бид тэнгэр багандсан өндөр ачаан дээр сэгсийлдээд сууцгаав. Гэтэл Мөнхөө ах бурхандаа явахын өмнөхөн байсан хөгшин аавыг минь хавиндаа хэвтүүлж, өвөг эцгийн минь зүдэрч, ядарсан тэргүүнийг өвөр дээрээ тавиад жолоогоо мушигсаар манайх нүүж билээ.

  • Нэг мэдэхнээ Мөнхөө ах минь их хурдан өтөлсөн байлаа. Морин хуур шиг дуугардаг монхор хөх ЗИЛ-130 машин нь тэдний хашаанд улам их гандаж хуучраад байн байн уйтгартайгаар санаа алдаад байх шиг харагдсан. Гэвч Мөнхөө ах минь буурал толгойтой бөгтөр өвгөн болчихсон хүрэн дээлтэйгээ энэ тэрийг хийгээд ер зүгээр сууна гэж үгүй.

Намайг их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байхад Мөнхөө ахын бие чилээрхэж, төдөлгүй хэвтэрт орлоо. Бид бүгдээрэй чадах чинээгээрэй ахыгаа анагааж эмчлэх гэж тэмцсэн. Ах минь харин тэгж байхдаа Эрдэнэхайрхандаа нэг очиж ирээд зүс царай нь гэрэлтэж, үйл хөдөлгөөн нь хөнгөрөөд, үг яриа нь цэгцэрчихсэн, бүр нэг сайхан болчихсон байхыг нь хараад би ингээд зүгээр болчихлоо доо, аштай юу гэж бодсон минь эндүүрэл байсан юм билээ.

  • Намайг яваад ороход Мөнхөө ах хэвтэрт орчихсон үг хэлж чадахгүй бүлтэгнэж байв. Ахын минь нүүрнээс буянтай хүрэн царай нь хаашаа ч юм бэ? алга болоод оронд нь өвдөж зовсон дүр төрх үлдсэн байв.

Би ахынхаа гараас атгатал Сибирийн хүнд хэцүү усан гатлага, уулан давааг туулах зориулалттайгаар анхнаас нь тусгайлан эртэй, бяртай бүтээсэн ёстой нэг унаа шиг унаа ЗИЛ-130 машины хүдэр хүнд жолоог насаараа атгасан ахын минь гар чичирч билээ. Тэрхэн мөчид өр зүрх рүү нэг юм орчих шиг болоод тэднийхээс гарч иртэл Мөнхөө ахын минь морин хуур шиг дуугардаг монхор хөх ЗИЛ-130 машин цав цагаан болтолоо гандаж онгоод, саргүй шөнөөр гэрэлтдэг байсан 63-42 дугаар нь цас бороонд зогссоор зэвэрчихсэн байж билээ... Хөөрхий минь.

  • Төдөлгүй Мөнхөө ах морин хуур шиг дуугардаг Монхор хөх ЗИЛ-130-аа унаад тэнгэр рүү явчихсан юм. Бид уйлалдаад л үлдсэн. Одоо хааяа нэг өдрийн од шиг монхойсон ЗИЛ-130 машин хотын гудамжаар ачаатай явах үед чихэнд морин хуур дуугарч, нүдэнд аль эртийн дүр зураг, дурсамжууд үзэгдээд, жолооч нь ямар хүн байна гэж хардаг минь хэвээрэй.

Би заримдаа хүүхэд шиг юм боддог. “Хэрвээ ах минь одоо амьд сэрүүл байсан бол, хэрвээ морин хуур шиг дуугардаг монхор хөх ЗИЛ-130 машин нь байсан бол, Мөнхөө ахдаа өнөөгийн ганган, тансаг, явдал суудал зөөлөн япон тэрэг авч өгчихөөд монхойсон хөх ЗИЛ-130-ийг нь засварт оруулж, будаж шунхдаад цоо шинэ болгох байсан юм” гэж... Тэгсэн бол Мөнхөө ах минь хичнээн их баярлах байсан болоо.

Даанч өнгөрч, улирсан нь эргэж ирдэггүй хорвоо юм даа... Байз машаан дуугарч байна, Мөнхөө ах ирж байна уу даа?

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.