ЗАМЫН ХҮНД НӨХЦӨЛ БА ХӨДӨӨ ХЭЭРИЙН ЗАМД ЖОЛООДОХ №186

Цас орох, шуурга шуурах, тоос шороотой нөхцөлд автомашин ба чиргүүлтэй автомашиныг жолоодох үед замын харагдац муудаж, харин цас орох, цасан шуурганаар замаасаа төөрч болох юм. Өвлийн улиралд халтираатай газрын захаар шав тавьж болох бөгөөд жолооч түүгээр баримжаа авч явна. Харагдац муудсан үед хурдыг бууруулж шаардлагатай үед зогсож чадах тийм хурдтай явах ёстой

Багавтар цасан хунгарыг дайрч гарна. Гүн цасыг бага хурдтайгаар хүнд араагаар туулна. Хэрэв мөр байгаа бол түүгээр баримжаа авч явна. Учир нь дагтаршсан цас машинд бага эсэрүүцэл үзүүлнэ. Машин хий эргэвэл 2-3 м хойшоогоо ухраад зөөлөн хөдөлж урагшлах хэрэгтэй. Дахиж оролдоод цас хуралдсан хэсгийг туулж чадахгүй бол замыг цаснаас цэвэрлэх нь чухал.

Холын гэрлийг асаах хэрэггүй

Манан будантай үед

Замын харагдац эрс буурна. Хэрэв өтгөн манан будантай байвал замын зорчих хэсгээс гарч хүлээх нь дээр байдаг. Манан будан дотор харанхуйгаар явах үедээ ойрын гэрлийг асаах, өдөр бол бага гэрлийг асаана. Хөдөлгөөний үед замын хажуугийн мод, шон ба бусад юмсаар чиг авна.

Тодорхой бус нөхцөлд орвол дуут дохиог ашиглах хэрэгтэй. Манан будан замын гадаргуугаас дээш ямар нэг хэмжээнд байдаг учир бололцооны хирээр доор байрлуулсан манангийн гэрэл ашиг өгдөг. Холын гэрлийг асаах хэрэггүй юм. Учир нь урдаас ирж яваа тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулна.

Мөсөн дээр арааг салгахгүйгээр зөөлөн тоормосолно. Эргэх үед тоормосолж болохгүй.

Замын хөлдөж мөстсөн хэсэгт

Дугуйн замтай авцах явдал эрс муудсанаас машины жолоодлого алдагдаж болох учир онцгой анхаарал болгоомжтой явах хэрэгтэй юм. Машинуудын хоорондын зайг нэмэгдүүлж (2 дахин) хөдөлгөөний хурдыг 20-30 км/ц хүртэл бууруулах хэрэгтэй. Гол аюултай зүйлийн нэг бол мөсөн дээр тоормослоход дугуй эргэхээ болимогц шарвах явдал байдаг.

VSC буюу шарвахаас хамгаалах системтэй бол харьцангуй гайгүй боловч үүнд 100% найдах хэрэггүй бөгөөд хурд, дугуйн байдал зэргээс болж тодорхой хязгаарт энэ систем үйлчилдэг. Мөсөн дээр арааг салгахгүйгээр зөөлөн тоормосолно. Эргэх үед тоормосолж болохгүй арааг замын шулуун хэсэгт солих хэрэгтэй.

Хэрэв машин шарвабал тоормослохоо больж залуурыг шарваж байгаа тал руу зөөлөн эргүүлээд дараа нь шулуун чиглэлд оруулна. Хэрэв түргэн зогсох шаардлага гарвал арааг салгалгүйгээр тоормосыг үе үе завсарлагатайгаар зөөлөн дарна. Тоормосны ABS системтэй бол педалийг ямар ч хүчээр гишгэсэн автоматаар тоормосны хүчийг өөрөө тохируулна. Өгсөх буюу уруудахдаа урдаас хүнд араандаа залгана.

Хэрэв автомат хурдны хайрцагтай бол арааг L-байрлал эсвэл 1 гэсэн байрлалд шилжүүлнэ. Хэрэв машин гулсаж эхэлбэл гулсалтыг саатуулж чадахаар тулах зүйл рүү залах хэрэгтэй. Мөсөн зам алс үргэлжилдэг учир хумсжуулсан дугуй буюу гулсалтыг хорих тусгай гинжийг хэрэглэнэ. Орчин үед дугуйнд цацдаг баллонтой гулсалт сааруулагч худалдаалагдаж байгаа.

Харанхуй үед

Орчны юмс ба замын харагдац муудах учир жолоочийн ажиллах нөхцөл муудна. Урдаас ирж яваа машиныг их гэрлээр гялбуулж болзошгүй байдаг. Бүрэнхий болж замын харагдац багасан 150 метрээс хэтрэхгүй болсон үед алсын гэрлийг асаах хэрэгтэй. Харанхуй үед машин жолоодохдоо алсын гэрлийг асаалаа  ч гэсэн замын гэрэлтэлт сайнгүй, орчин тойрноо сайн харж чадахгүй гэдгийг анхаарч хөдөлгөөний хурдыг бууруулах хэрэгтэй юм.

Ирж яваа машинтай 150 метрээс доошгүй газар дөхөж очоод их гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх хэрэгтэй. Гэрэлтүүлэгдсэн гудамж буюу замд уул гэрэл зам, орчин тойрныг харах явдлыг бүрэн хангаж байвал ойрын гэрэл буюу бага гэрлийг асаах хэрэгтэй. Харанхуйд их гэрлийн байдал, тохируулга нь онцгой нөлөөтэй байдаг. Зам муу харагдах нь их гэрлийн тохируулга буруугаас болсон байж болно. Дээшээ чиглэлтэй тавигдсан их гэрэл замыг муу гэрэлтүүлэхээс гадна эсрэг хөдөлгөөний тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулж болно.

Түүнээс гадна их гэрэл замыг муу гэрэлтүүлэх явдал нь цайр муудсан, шил бохирдсон, ламп их биений авалцаа муу, гүйдэл үүсгүүрийн хүчдэл хангалтгүйгээс болно. Жолооч хянах хэрэглэлүүдийн гэрэлтүүлэгт анхаарлаа байнга хандуулж байх хэрэгтэй. Зам харагдахыг муутгадаг учир бүхээгийг хурц гэрэлтэй байлгаж болохгуй.

Машины ойролцоох орчинг ойрын гэрэл сайн гэрэлтүүлдэг учир бага хурдтай яваа үедээ ойрын гэрлийг асаах нь дээр байдаг. Машины хөдөлгөөний хурд хэдий чинээ их байвал төдий чинээ алсыг харах шаардлагатай байдаг. Хөдөлгөөний хурд 30 км/ц байвал 30м-с доошгүй , 60 км/ц байвал 90 м-с доошгүй , 90 км/ц байвал 180 м-с доошгүй зайд харж байвал зохино. Хэрэв 80 км/ц хурдтай яваа үед зөвхөн 30-40 м замыг харж байвал зам тээврийн осолд орж болзошгүй юм. Учир нь ийм хурдтай яваа үеийн тоормосны зам нойтон асфальто бетон замд 100 м-с их байдаг. Иймээс туршлагатай жолооч ч гэсэн шөнө хөдөлгөөний хурдыг бууруулдаг билээ.

Шөнө зам дээр машинаа орхихдоо оврын ба бага гэрлийг заавал асааж замын тэмдэг тавьсан байвал зохино. Хүйтэн буюу халуун нөхцөлд ажиллах үед жолооч, машинд тусгай бэлтгэл шаардлагатай байдаг. Хүйтэнд ажиллах үед машиныг дулаацуулах хэрэглэлээр тоноглох, бүхээгийн завсар зайг дулаалах, хөргөлтийн системийг үл хөлддөг шингэнээр цэнэглэсэн байвал зохино. Жолооч хөдлөхөд саад болохооргүй бариу биш дулаан хувцаслах хэрэгтэй. Халуун нөхцөлд ажиллах үедээ бүхээгийг агааржуулах явдлыг хангаж, уух усны нөөцтэй байвал зохино.

Усан саадыг туулахын тулд

Урьдчилан гармыг үзнэ. Гармын орох хэсэг налуу, усны ёроол машины дугуй хий эргэхгүйгээр хатуу байх ёстой. Гармын усны гүн карбюратор, асалтын таславч хуваарилуурт орохооргуй байвал зохино. Гармын гүн суудлын машинд 0.5 м, ачааныхад 0.7-0.8 м-с хэтрэхгүй байх хэрэгтэй.

  • Гарам руу орохын өмнө радиоторын халхавчыг хаах буюу халхавч тавих,
  • Сэнсний оосрыг мултлах, 
  • Доороо зүүдэг дугуйтай бол тайлж авах
  • 4 цонхоо онгойлгох
  • Суудлын бүсээ тайлсан байвал зохино.

Түргэн урсгалтай голын урсгалыг нь ташуу уруудаж туулна. Ус руу хүнд араагаар аажим орно. Хэрэв автомат хурдны хайрцагтай бол заавал 1 эсвэл L-байрлалд шилжүүлнэ. 4 дугуйгаар хөтөлдөг бол 4 дугуйн хөтлөх горимд шилжүүлэх, хүндрүүлэгч буюу туслах хурдны хайрцагтай бол LOW буюу хүндрүүлсэн горимд залгах,  туслах хурдны хайрцаг нь Дифференциал түгжигчтэй бол түгжих, мөн хойд болон урд тэнхлэгийн дифференциал түгжигчтэй бол түгжих хэрэгтэй. За гайгүй байх гэж бодоод энэ бүгдийг залгалгүй усруу орвол гармын голд эсвэл эрэг дээр гарахын наана сууж болох юм. Суусан хойно энэ бүгдийг залгасан ч үр дүн муутай юм. Хөдөлгүүрийн тахир голын их эргэлтээр усыг гатлах ба хөдөлгүүрийг унтрааж болохгүй.

Машин усанд гүн орж зогсон хөдөлгүүр унтарсан тохиолдолд ахин асаах гэж оролдсоны хэрэггүй цилиндрт орсон ус поршенд тээглэж шатуныг тахийлгаж хөдөлгүүрт хүнд засвар хийх болно. Чирүүлж гаргаад бүх очлуурыг (свеча) авч хөдөлгүүрийг стартераар эргүүлж цилиндрт орсон усыг гаргаж бусад эд ангийг сайтар хатаасны дараа угсарч асаана. Гармыг гарчхаад зогсож усыг сэврээж гоожуулах, шилжүүлсэн буюу авсан эд ангийг буцааж байрлуулсны дараа хөдөлнө.

Мөсөн дээгүүр

Зөвхөн сайтар үзлэг хийсний дараа л явж болно. Ялангуяа эргийн дагуух мөсийг онцгой шалгах хэрэгтэй. Мөсний зузаан 2.5 т хүртэл даацтай машинд 20 см, 4 т хүртэл даацтай машинд 30 см байвал зохино. Мөсөн дээгүүр явах үед бүхээгний хаалга хоёулаа онгорхой дотор нь зөвхөн ганц жолооч сууна.

Хэрэв мөсөн дээр цасан хунгар тогтсон бол дугуйг хий эргүүлэхгүйн тулд 10-15 см цасны үе үлдээгээд хунгарыг цэвэрлэнэ. Мөсөн дээгүүр зөөлөн 15-20 км/ц хурдтай явна. Гарцны мөс усанд идэгдсэн буюу хагарч цав гарсан байвал эргийн тэр хэсэгт мод тавьж хүч нэмэгдүүлнэ. Мөсөн дээгүүр хэд хэдэн машин нэгэн зэрэг гарах болсон үед хоорондын нь зайг 25-35 м-с багагүй байлгана.

Хөдөө аж ахуйн ачаа тээвэрлэх үед хөрсөн зам ба замгүй газраар явдаг. Замын хүнд нөхцөлд машины хөдөлгүүр, механизм хэт ачаалалд орсноос болж зарим эд ангийн элэгдэл илүү эрчимтэй явагдана. Зарим хүнд хэсэгт хүндрүүлсэн бууруулсан арааг залгах хэрэгтэй болдог. Гэвч хүнд араагаар удаан хугацаагаар явахад хөдөлгүүр хэт халдаг учир хөргөх системийн температурын залгуурыг байнга ажиглаж шаардлагатай бол бол зогсож хөдөлгүүрийг хөргөх хэрэгтэй.

Ухасхийлгэх, авцуулах холбоог гэнэт залгах явдал замын хүнд нөхцөлд хүч дамжуулах ангийн эд ангийг хэт ачаална. Зөөлөн нунтаг хөрсөнд хий эргэж байгаа машин улам доошоо шигдэж, мостоороо тэгнэдэг учир татаж гаргах арга хэмжээ авах хэрэгтэй. Суусан машиныг гаргахын тулд дугуйг домкрат буюу хөшүүргээр өргөөд доогуур нь  банз буюу ойр зуурын бусад материал хийнэ.

Машины туулах чадварыг дээшлүүлэхийн тулд гулсалтыг хорих буюу зам маягийн гинж өмсгөх, заманцар дэвсгэр хийх арга хэмжээг авч болно. Тэрчлэн мод шургааг, гишүү банз, хайрга гэх мэт ойр зуурын материалыг хэрэглэдэг. Машин эргүүлгээр тоноглогдсон (Лебёдка-Electric or mechanical Winch) бол гадны туслалцаагүйгээр оосорлох юм л байвал өөрөөр нь татаж гаргана. Оосорлох зүйлд мод (ургаа) , газар зоосон дүнзэнцэр, лоом хожуул зэргийг ашиглаж болно.

Эргүүлэг байхгүй бол нэг үзүүрийг оосорлох юманд нөгөө үзүүрийг дугуйн зээрэнцэгт( бул цап) холбосон ган татлагыг ашиглан татаж болно. Хий эргэж суусан машиныг өөр машинтай нугарамтгай буюу нугардгүй чирэх татлагаар чиргүүлийн хэрэглэл буюу арлаас холбон татаж гаргаж болно.

Аливаа нөхцөлд эхлээд татлагаа дараа нь угзралтгүй зөөлөн татаж суусан машиныг гаргана. Хөрсөн зам үндсэндээ ердийн хөсөгт зориулагдсан байдаг учир машин явахад муу зохицсон байдаг. Зарим тохиолдолд машинд зориулж хөрсөн зам тавьдаг. Энэ нөхцөлд хэлбэржүүлж, ус зайлуулах шуудуу татна. Тийм замыг сайжруулсан зам гэнэ. Ердийн хөрсөн зам янз бүрийн эргэлт , бартаагаар дүүрэн байдаг. Зөөлөрсөн хөрсөнд дугуй шигдэн гүн мөр гардгаас дугуйн өнхрөлтийн эсэрүүцэл нэмэгдэн зогсоход хүрнэ. Хэрэв зогсох шаардлага гарвал арай хуурайдуу овгор газар зогсох хэрэгтэй.

Хөрсөн замд хуучин машин явж байсан мөр нь шинийг бодвол нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг

Хөдөөгийн нойтон зам

Их хурдтай явах, гэнэт огцом эргэх, өгсүүр өөд зогсох явдал байж болохгүй. Хурдыг нэмэгдүүлэх тоормослохдоо огцом биш зөөлөн хийх хэрэгтэй бөгөөд эс тэгвэл машины дугуй хий эргэж болно. Ер нь нойтон хөрсөн зам дээр тоормослохдоо арааг салгадаггүй журамтай. Машиныг гулгаж шарвуулахгүйн тулд хэвгий биш замыг сонгож явах хэрэгтэй.

Хөрсөн замд хуучин машин явж байсан мөр нь шинийг бодвол нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг. Хуурай хөрсөн замд ч гэсэн гэнэтийн саад тохиолддог учир хурдыг харагдацын хэмжээгээр бууруулж саадыг туулж болно. Хөдөөгийн замд гүн хонхор , овон товон, суваг шуудуу, нялцгай ба хуурмаг хөрс, цас хунгарласан хэсэг болон бусад саадыг даван туулах хэрэгтэй болдог. Замд тохиолдох бартаа саадыг давж туулаг аргыг сонгох явдал тэдний шинж чанараас хамаарна.

Замд тохиолдох бартаа, нэвтрэхэд хялбар биш хэсгийг бололцоо байвал тойрч гарах тийм бололцоо байхгүй бол бартаа замын төвшнөөс доогуур байгаа үед ташаалдаж, харин замын төвшнөөс дээш байвал эгц гарах хэрэгтэй юм. Мөрний гүн ховилыг дугуйнуудын хоорондуур өнгөрөөнө. Хэрэв зам нялцгай нойтон бол мөрний дагтаршсан ховил нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг. Мөрний ховилоор явах үедээ туулж чадахуйц тийм арааг сонгосон байвал зохино. Хонхрыг нэвтрэхдээ дөхөж очоод, тоормослон хурдыг бууруулаад хүндрүүлсэн араандаа залгана.

Урд дугуй хонхор луу орохын зэрэгцээ хаазыг нэмнэ. Урд дугуй саадыг туулж гарсны дараа хойд дугуйг хонхорт ортол дахин зөөлөн тоормосолно. Бартаанд дөхөж очоод хурдыг бууруулж хүндрүүлсэн араанд шилжүүлэх, гүвгэр дээр гарах үедээ хаазыг нэмж, урд дугуйг гүдгэрт гарахын хамт авцуулах холбоог салгаж уруу зөөлөн бууна. Хойд дугуйг мөн тийм байдлаар гаргаж буулгана. Огцом эрэгтэй сувгийг гатлахын өмнө сайтар үзнэ. Эргийг малтах багажаар нурааж, хөрсийг сувагт хийнэ. Хэрэв энэ нь хангалтгүй бол сувагруу дүнз, гишүү, чулуу буюу бусад ойр байгаа материалыг хийнэ.

Элсэн дундуур явах

Дугуйн авалцаа төдий л их бишээс гадна дугуй гүн шигдэж ордог. Жигд хурдтай арааг шилжүүлэхгүйгээр явна. Замгүй манхан болон хэсэг элс гатлахаар бол нам дагтаршсан хэсгийг сонгох хэрэгтэй бөгөөд түрүүнд явсан дугуйн мөр байвал түүгээр явах хэрэггүй. Өмнө нь машин явсан элс суларсан байдаг тул хажуугаар нь мөргүй газраар явах хэрэгтэй.

Хэрэв дугуй хий эргэвэл урд хойд дугуйны өмнөх замыг сайтар цэвэрлээд байрнаасаа хүнд араагаар зөөлөн хөдлөх хэрэгтэй. Байнга элсэрхэг замаар явдаг бол өргөн дугуйтай бөгөөд хийн даралт багавтар байх хэрэгтэй.

Хэсэгхэн шаврыг

Арааг шилжүүлэхгүйгээр дайрч гарна. Хэрэв замын хэсэг устай байвал усанд машин мөргөж болох гүн хонхор буюу чулуу байгаа эсэхийг магадалж үзнэ. Их шавартай замаар бууруулсан араагаар удаан явах ба хөдөлгүүрийн тахир голын эргэлт тогтмол жигд байх ёстой. Хэрэв гүн биш байвал түүгээр явах хэрэгтэй. Машин шаварт хий эргэвэл түүнээс сэргийлэх хэрэгслийг хэрэглэн машиныг урагш хойш холихуулах хэрэгтэй.

Уулархаг нөхцөлд

Үргэлжилсэн эгц өгсүүр буюу уруу, олон тооны огцом, далд нугачаа мөн тэрчлэн уулын зарим зам их биш өргөнтэй байдаг нь байдлыг хүндрүүлдэг. Өндөрдөх тусмаа агаарын даралт буурч хөдөлгүүрийн чадал болон хийн дамжуулгатай тоормосны ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг.

Ихээхэн өндөр (2-2.5км-с дээш) хүчилтөрөгч дутагдан жолоочийн ядаргаа нэмэгдэнэ. Уулархаг нөхцөлд ажиллахын өмнө машинд, ялангуяа жолоодлогын механизмуудыг сайтар шалгах хэрэгтэй. Налуу газарт зогсож байгаа үедээ өнхрөхөөс хамгаалсан хэрэглэл хийсэн байвал зохино. Өгсөхийн өмнө арааг шилжүүлэхгүйгээр туулж чадах тийм дамжуулгад залгах хэрэгтэй.