МИНЖҮҮР, MIRAI ХОЁР

Хэрвээ Францын химич Антуан Лоран Лавуазье устөрөгчийг нээгээгүй бол, хэрвээ Николла Тесла цахилгаан эрчим хүчний салбарт хувьсал хийгээгүй бол энэ авто машиныг хэн ч, хэзээ ч зохион бүтээж чадахгүй байсан.

Азаар энэ хоёр алдартай эрдэмтэн зөв цагтаа, зөв үедээ төрж, хийх ёстойгоо хийж, нээх ёстойгоо нээсэн болохоор хүн төрөлхтөний хөгжил дэвшилд хүчтэй ахиц дэвшил авчирч, улмаар өнөөдөр устөрөгчөөр ажилладаг авто машин худалдаанд гарчихлаа.ТАНИЛЦ  Энэ бол устөрөгч, цахилгаан хосолмол хөдөлгүүртэй, байгаль экологид ямар ч хор хөнөөлгүй Тоёота Мирай. Мирай Мирай

  • Минжүүр уг нь “уран” гэдгээрээ засагт хаанд төдийгүй, Монгол даяар алдаршсан нэгэн. Даанч коммунист дарга нар хийгээд тэдний улыг долоогч социалист уран бүтээлчид түүнд баахан атаархаж, дургүй байдаг тул хэдэн бор хүүхэдтэйгээ, эхнэрийн хамт хотын захдуу даруухан хашаанд амьдарна. Тэднийх нэг муу таван ханатай бор гэрт шуугилдана.

Минжүүр зүгээр сууна гэж даанч үгүй. Гэхдээ түүний урлаж бүтээх увдис нь бусдаас тэс ондоо. Тухайлбал: Минжүүрийн шатаасан шаазан аягыг нааш, цааш  холбилзуулан хөдөлгөхөд бөөрөн дээр нь  байх зургаан насны морь толгойгоо дээш, доош сэгсрэх, дархалсан домбоноос нь цай уухаар “уу, уу” гэж дуугарах. Зөвхөн модоор хийсэн хаалга нь орж гарахад “ор, ор” гэдэг гээд энэ дархны хийсэн, бүтээснийг яриад байх юм бол зөндөөг хэлэх хэрэгтэй. Гэтэл ойрмогхоноос түүний сэтгэлийг нэг зүйл эзэмдэж, бүр зүгээр суулгахаа байсан нь бөөсөөр ажилладаг бугуйн цаг хийх тухай бодол.

Инженер: Тоёота Мирайгийн гадаад төрх байдал 2017 оны Тоёота Prius-тэй тун төстэй. Ерөнхийдөө энэ машин цахилгаан авто машины загварыг хадгалсан хэр нь илүү догшин дүртэй, сонгодог маягийн хэлбэр дүрс, өнцөг булангаас татгалзсан парадокс маягтай. Мэдээж Мирай унаж байгаа хэн ч бай уламжлалт шатахуун түгээх газар руу очих ямар ч шаардлагагүй. Харин устөрөгчийн терминал руу очиж мөнгөө төлөөд ердөө 3-5-хан минутын дотор хоёр ч банкаа дүүргэх боломжтой. Хоёр банк гэхээр сонирхолтой сонсогдож байж мэдэх.

Тэгвэл үнэхээр устөрөгчөөр явдаг тоёота Мирайгийн хойд суудал дор 60 литрийн нэг банк, хойд тэнхлэгийн ойролцоо 62,4 литрийн нөгөө нэг банк байрладаг. Гэвч устөрөгчийг литрээр хэмжихгүй, харин кг-аар хэмжинэ. Тийм учир тоёота Мирайгийн шатахууны савууд нийт 5 кг устөрөгчийн багтаамжтай.

Тоёота Мирайг ерөнхийд нь цахилгаан авто машин гэж хэлж болно. Учир нь түүнд устөрөгчөөр ажилладаг гайхамшигт хөдөлгүүрийн зэрэгцээ цахилгаан хөдөлгүүр бий. Эдгээр хөдөлгүүрийн хүчин чадал нийлээд хоёр мянга гаруй болно. Гэвч Мирайгийн дээд хурд нь 180 км цагт хүрнэ. Ингэхдээ 9.6 секундэд 100 км цагийн хурд авч чадна.

  • Минжүүрийн санаанд багтсан зүйлс орчлонд багтдаг. Ямар сайндаа л үндсэн тагшийг цалин цагаан мөнгөөр бүрж хийсэн аяганых нь ёроолд байх хос загас монгол архи хийсэн үед нар зөв эргэж байх вэ дээ.
  • Зуны дунд сарын нартай сайхан өдөр нас хэвийж, духанд нь зузаан үрчлээ суусан Минжүүр банз мод нь арзайсан хашаан дотроо бас нэг банаг бариад авлаа. Банаг гэж илүү гэрийг хэлнэ. Тэгээд тэрхүү салбайсан жижиг бор гэрээ тойрч нар, сар гэрэлтсэн дээвэр туурганых нь цоорхойг элдэв даавуу, шаавууны өөдсөөр нөхөж өнжив. Хачирхалтай нь банагийн өрхийг өдөр ч тэр, шөнө ч тэр бүтээчихсэн байгаад байх.

Устөрөгч, хүчил төрөгч хоёр нийлж, урвалд орсноор цахилгаан эрчим хүч үүсдэг. Үүнийг Николо Тесла илүү боловсронгуй болгож чадсанаар бид тог цахилгаантай амьдарч, одоо авто машинаа хүртэл тийм болгож байна. Гэвч тийн цахилгаан эрчим хүчийг үүсгэх хангалтгүй. Харин тогтмол гүйдлийг хувьсах гүйдэл болгох хамгийн чухал.

Ноён Теслагийн буянаар бид бүхэн тогтмол гүйдлийг хувьсах гүйдэл болгож сурсан тул Тоёота Мирайд ч бас энэ аргыг ашигласан. Ийм болохоор Мирайд хөдөлгүүрийн дуу чимээ бараг л байхгүй. Мөн энэ машины тэнхлэг доогуур хөдөлгүүрээс гарч байгаа утааг гадагшлуулах төмөр хоолой байдаггүй.

Гагцхүү Тоёота Мирайгийн хойд тэнхлэг дор их биеэс гарсан нэг нүх байх ба түүгээр устөрөгчийн уур гадагшилна.

Инженер: Мирайгийн дугуйг синхрон цахилгаан хөдөлгүүр эргүүлдэг. Энэ машин тэжээлээ зөвхөн түлшнээсээ биш их биеийнх нь арын хэсэгт байрлуулсан 21 КТВ-ын хүчин чадалтай Hybrid хөдөлгүүрийг дэмжих никел өнгөтэй металл батарейнаас давхар авдаг. Тэдгээр никел өнгөтэй батарейнууд тоормозлох үед цэнэгээ сайтар хурааж, машин огцом хурд авах үед хуримтлуулсан эрчим хүчээ гаргадаг. Тоёота Мирайгийн нийт жин нь 1850 кг. Хүндийн төв намхан учраас жолоодоход хялбар.

  • Өдрийн наран өндөрт хөөрч байлаа. Түрүүнээс хойш нөгөө муу банаг дээрээ гарчихсан, өрхийг нь юугаар ч юм бэ хатгаад байсан Минжүүр юм түчигнүүлэхээ больчихлоо. Гэтэл үнэн хэрэгтээ уран гартан маань харанхуй банаг дотроо ороод суучихсан, салбайсан муу илүү гэрийнхээ тооныг 200 милометрийн хадаасаар цоолчихсон байж байх нь тэр.
  • Хаяаг нь хүртэл маначихсан банаг доторх тас харанхуйг зүсэн нөгөөх хадаасны нүхээр дээрээс доош маш хурц нарны гэрэл  утас шиг унжин орж иржээ. Минжүүр тэрхүү өрхний цоорхойгоор урсан орж ирсэн нарийхан хурц гэрэлд урд шөнөжин сууж, улаан булангийн хүүхдүүдэд муухай том мээмтэй орос эхнэрийн сүү хэмээн  баахан хараалгасан молоконы лаазаар бяцхан араа соёонууд хайчилж,  хуш модыг зорж, зүлгэж бугуйн цагны хүрээ урласан билээ. Өдгөө харин тэднийгээ угсрах гэж суугаа нь энэ юм.

Тоёота Мирайгийн устөрөгчөөр ажилладаг, пооршинт хөдөлгүүрийг бүр хаа байсан 1807 онд Франсуа Исаак де Риваз хэмээх эрдэмтэн зохион бүтээчихсэн байсан гэвэл та итгэх үү. Үнэхээр анхны устөрөгчийн хөдөлгүүрийг яг одоогоос 200 жилийн өмнө бүтээчихсэн байсан нь хөдөлшгүй үнэн. Япончууд үүн дээр суурилж цоо шинэ устөрөгчийн хөдөлгүүр зохион бүтээсэн юм.

Инженер: Устөрөгчөөр ажилладаг тоёота Мирай 66000 мянган еврогийн үнэтэй. Энэ дүнг төгрөгт шилжүүлбэл 170 сая 82 мянган төгрөг болно. Гэвч ийм өндөр үнэтэй устөрөгчөөр ажилладаг авто машин унах боломж бололцоо Монголчуудад одоохондоо байхгүй. Яагаад гэвэл устөрөгч түгээх станц манай улсад үгүй.

Угаас ийм станц маш ховор байгаа хийгээд Герман улсад гэхэд 9 ширхэг л байдаг. Гэсэн ч 2023 он гэхэд Германд 400 ширхэг устөрөгчийн станц шинээр барьж байгуулах ажил эхэлчихсэн Тоёота, Хонда, BMW, Volkswagen, Daimler зэрэг бидний сайн мэдэх авто машин үйлдвэрлэгч компаниуд энэ ажилд их хэмжээний хөрөнгө оруулна. Түүнчлэн энэ онд Японд 80 ширхэг, АНУлсад 30 ширхэг устөрөгчийн станц байгуулах ажил ид өрнөж байна.

  • Төвдүүд дөнгөж төрсөн эх хүн, дархан хүн хоёрыг бузар гээд гэртээ оруулдаггүй муу зантай хүмүүс. Гэтэл Монголчууд эх хүнийг ариун, дархан хүнийг бурхан ухаантай хэмээн дээдэлнэ. Тэгвэл тийм бурхан ухаан заяасан Минжүүр дархан түнэр харанхуй газрын гав руу унжсан ганцхан авралын олс шиг нарны гэрэлд өнөөх өчүүхэн араа соёогоо арай гэж хэлхээд, бугуйн цагны модон хүрээнд багтааж дөнгөлөө.

Гэвч үртэс шиг тэр жижигхэн араа соёонуудыг тэгж өөр хооронд нь хэлхэх даанч амаргүй агаад адаглаад үүнд томруулдаг шил хэрэгтэй баймаар. Тэгсэн чинь манай хүний банагаа битүүлж, өрхөн дээр нь өөдсийн чинээ нүх гаргасан нь учиртай байж. Тийм нүхээр нарны гэрэл байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хурц, тод урсан орж ирдэг бөгөөд дархчууд нарийн ур шаардсан жижиг зүйлийг тэр гэрэлд тааруулан барьж байгаад урладаг байжээ.

Нэг ёсондоо харанхуй банаг дотор шамбалын орноос унжсан өнчин олс шиг тэр нарны гэрэл Минжүүрийн томруулдаг шил болсон байж. Энэ бүгдийн дараа Минжүүр жаахан атлаа үнэхээр хорлонтой хаздаг өөдгүй өлөн бөөсийг чимхэж шинэхэн бугуйн цагныхаа ар талд байх бичгийн машины “о” үсэг шиг цагираг зам руу хийгээтэхсэн чинь харанхуй банаг дотор “чаг, чаг” гэх бүдэгхэн чимээ сонсогдож эхлэв.

Инженер: Тоёота Мирай өртөг өндөртэй машин. Өмнө өгүүлсэнчлэн түүний шатахууныг кг-аар хэмжих ба 1 кг шатахуун 9.5 еврогийн үнэтэй. Энэ тоог Монгол төгрөг рүү шилжүүлбэл нэг кг устөрөгчийг 24 мянга 481 төгрөгөөр худалдаж авна. Хэрэв зээ шатахууныхаа савыг дүүргэх бол 5 кг устөрөгч худалдаж авах хэрэгтэй ба үүний тулд 122407 төгрөг төлөх хэрэгтэй. Тоёота Мирай ийм хэмжээний устөрөгчөөр 330 гаруй км явна.

Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аливаа зүйлс сайжирдаг жамтай гэдгийг санах хэрэгтэй.

Урьдын ухаант дархчууд ганцхан ширхэг арвайгаар арслан сийлж, түүндээ бөөс хийгээд хөдөлгөж байсан бол уран Минжүүр бугуйн цагны зайны оронд бөөсийг ашигласан нь үнэнхүү гайхамшиг байлаа.

Гэтэл Япончууд хөлдөөд хатуу биет, гэсээд шингэн биет, ууршаад хий биет болдог усыг ашиглан, устөрөгчөөр ажилладаг авто машин зохион бүтээжээ. Энэ хоёрын мөн чанар юутай ижилхэн гайхамшигтай вэ...