ZIS-5 ААВ ХОЁР

ЭРЭГТЭЙ: Хашааны гадаа ирсэн хүмүүс аавыг минь асуух даа “ногоон байна уу?” гэдэг байв. Бид ч нэртэй, устай эцгийг минь тэгж доромжлоод байхдаа яах вэ? дээ гэж бодоод “манайд тийм нэртэй хүн байхгүй” гэчихээд зогсож байтал аав минь гэрээсээ инээсээр гарч ирдэгсэн. Уг нь миний аав Гэндэнгийн Мунаа гэдэг хүн байлаа. Гэсэн ч хүмүүс, тэр дундаа Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Авдарбаянгийнхан “Ногоон” гэж нэрлээд бүр сурчихсан байж дээ. Хачин юм шүү, миний муу аав чинь уг нь амьдралын хүнд ачааг нуруун дээрээс үүрсэн ч гэсэн бөгтийгөөгүй, өндөр сайхан биетэй, хүрэн бор царайтай, дулаахан алаг нүдтэй хүнсэн. Басхүү аавын минь гар, хар бор ажилд бахь шиг чанга хэрнээ үр хүүхдүүд бидэндээ хачин зөөлөн байдаг байж билээ.

ЭМЭГТЭЙ: Хүмүүс аавыг минь зүгээр ч нэг ногоон гэж авгайлаагүй. Аав минь жолооч хүн байлаа. Гэхдээ миний аав аймаг, сум алгасан улсын чухал ачаа бараа зөөдөг тээврийн жолооч байсангүй. Харин Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний хог ачиж, асгадаг машины жолооч байсан юм. Аавын ЗИС-5 нов ногоон өнгөтэй. Тийм болохоор нутаг усны ахан дүүс аавыг минь Мунаа гэхийн оронд “ногоон” гэдэг болжээ.

ЭРЭГТЭЙ:  Аав минь яг хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр төрснөө мэддэггүй хүн байлаа. Энэ тухай асуухаар “мэдэхгүй, эмээ чинь аавыг нь хавар л төрсөн гэдэг юм” гэж ирээд л инээнэ. Тэрэн шиг аавын минь ЗИС-5 машин хэдэн онд үйлдэрээс гарч, ямар хол замыг туулаад манай муу банз мод нь хөхөрч, арзайсан хашаанд ирснийг хэн ч үл мэднэ. Манайх таван ханатай гэртэй, ам бүл авруулаа амьдардаг байв. Аав минь хог ачдаг машины жолооч, ээж минь сургуулийн цэвэрлэгч. Хөөрхий дөө, миний муу аав ээж хоёрын минь цалин нийлээд сард 800 төгрөг л болдог байсан. Гэвч аав, ээж хоёр маань угийн арвич, хямгач улс тул бид наймын гэдэс өлсөөгүй, мөр улайгаагүй өссөн. Ногоон ЗИС-5 аав хоёр айл нүүлгэж, ноос ачиж, тарваганд явж, түлш түлээ зөөж, чоно хүртэл хөөж, хурим, хүүхдийн үсний найранд зочилно. Бид аавынхаа машины дууг ёстой анддаггүй хүүхдүүд байсан. Бүр хичнээн олон машин зэрэг зэрэг дуугарч байсан ч гэсэн аавын минь модон бүхээгтэй ЗИС 5-ын енгинэх нь яг л хөгжмийн эгшиг шиг хичнээн содон сайхан байгаа вэ.

ЭМЭГТЭЙ:  Тэр үед ЗИС 5 машин мөн ч их ховордсон цаг байлаа. Тээврийн жолооч нар голдуу ГАЗ-51, 57 машинууд унаж байснаа монхор ЗИЛ-130-ууд орж ирсэн. Гудамжаар шинэхэн тэрэгнүүд тоос татуулаад давхиж өнгөрөхөд зайлуул миний муу аавын ЗИС 5 тэдгээр хурдан, түргэн төмөр хүлгүүдийн  хойно нь хоцорчихсон өнчин ботго шиг енгинэсээр ирдэгсэн. Баяр ёслол болохоор аав ээж хоёр маань ЗИС 5-ынхаа жижигхэн модон кабинд хэдэн шар хүүхдээ чихэж аваад явна. Тэгж явахад аавын минь машин яг л явдаг байшин шиг санагддаг байж дээ.

ЭРЭГТЭЙ: Аав цэргээс ирэхдээ л ЗИС 5 машин унаад сурчихсан байсан юм гэнэ лээ. Аавд бас цэргээс авч ирсэн өөр нэг зүйл байсан нь хоёр ширхэг одон байлаа. Тэдний нэг нь сэлэм барисан морьтой хүний дүрстэй “Бид ялав” тэмдэг бол нөгөө нь “За Родину” буюу “эх орны төлөө” гэдэг нөхөр Сталины дүрстэй медаль байсан юм. Нэг үгээр хэлэхэд аав минь 1939 оны халхын голын дайнд оролцож явсан ахмад дайчин ч гэлээ энэ тухайгаа хэнд ч ярьдаггүй байв. Миний аав тэр одонгуудаа хэзээ ч зүгээгүй. Наймдугаар ангид орсон жилээ би нэг удаа “ааваа та яагаад одонгоо зүүдэггүй юм бэ?” гэхэд аав минь тайван, нам дуугаар “манай дивизийг эх орноосоо урвасан гээд шийтгэсэн юм аа” гэсэн.

ЭМЭГТЭЙ: Тийм ээ, хэлтэй амтай хүмүүсийн яриагаар бол бид урвагчийн хүүхдүүд байсан. Тэгж хэллээ гээд аав минь харин ч нэг тоохгүй. Майн нэгний баяр, олон улсын хүүхдийн баяр, Улсын баяр наадмын өдөр аавын ЗИС-5 машины модон кабинд инээд цалгиж, олон шар хүүхдүүд, чихэр, боов, улаан ус, зайрмаг, шаараар дүүрчихсэн явдаг байлаа. Тэгж явахад дүү нар маань аавын ЗИС-5-ын хоёр шанаанд байдаг хуучин толинд шаарнуудаа өлгөчихөөд салхинд хөөрч, дэрвэхийг нь харж баярлана. Аав минь хөвгүүдээ улам их баяр, хөөртэй, аз жаргалтай байгаасай гэсэндээ ЗИС-5-ийнхаа хаазыг 44 размерын орос бахиалтай хөлөөрөө зөөлөн гишгэхэд толинд өлгөсөн бөмбөлгүүдийн зарим нь алдуурч цаг хугацаа шиг хийсдэг байжээ.

ЭМЭГТЭЙ: Тэр үед ээж хадыг “Авгай хад” гэж нэрлэдэг байсан юм.

ЭРЭГТЭЙ: Намартаа аав минь тарваганд их явна. Улсаас тарваганы нормонд 500 сум өгнө. Аав минь зарим намар сумгүй болчихоороо авгай хад руу намайг дагуулж явна. Бид хоёрыг очиход ээж хадны өмнө бяслаг өрчихсөн, тэр бяслаган дээр калибр бууны сумыг шомбойтол нь өрчихсөн байдаг байв. Аав минь авгай хадны өмнө сөхөрч суугаад “Ээжээ, хүүдээ арван сум өгөөч. Хүү нь эргүүлж өгнө” гэж хэлээд наранд тос нь хайлж урссан бяслаган дээрээс яг арван сум тоолж аваад дараа нь заавал эргүүлж тавидаг байлаа. Аав минь тарваганы хар толгой алддаггүй байсан юм.

ЭРЭГТЭЙ:   Өглөө хог ачих ажилдаа ЗИС-5-аа унаад гарсан аав минь үдшийн бүрийгээр гэртээ ирнэ. Чингэж гудамж өгсөөд еэнгинэх аавынхаа машины дууг танисан бид гэрээсэй уралдаж гараад хашааныхаа хаалгыг онгойлгоно. Аавын минь ЗИС-5-ийн хоёр шар гэрэл хашаа дүүрэн туссан тэр үдшүүд нартай өдрөөс ч гэрэлтэй байж дээ. Тэгж байтал нэг өдөр аав минь хачин их баяртай гэртээ ирлээ. Ээж юу болсныг асуутал аав Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний аварга тээвэрчин болж, гурван мянган төгрөгөөр шагнуулжээ. Бид ч бөөн баяр боллоо. Маргааш өглөө нь аав ээж хоёр ЗИС-5-аа унаад  хот орохоор явав.

Тэгээд үд нэлээд хэвийж байтал аавын минь Зис-5-ийн дуу алсаас уйлж байгаа хүн шиг еэнгинэсээр ирэхэд бид ч сурсан зангаараа уралдаж гарлаа.

ЭМЭГТЭЙ:  Тэр өдөр миний санаанаас ерөөсөө гардаггүй. Аав ээж хоёр минь ЗИС-5-ынхаа модон бүхээг дүүрэн чихэр, боов, талх тариа, гурил будаа, хэдэн шар хүүхэддээ шинэ гутал хувцас авчихсан, хайртай машиныхаа яйжгар бэрцээв дээр бороо усны цагт гэртээ давхарлаж барихаар цоо шинэхэн бэрзээнд аччихсан ирж билээ. Аав ээж хоёрын авч ирсэн гоё юмнууд манай муу бор гэрийн баруун талыг дүүргэж, бид нар хэдий дотоодын үйлдвэрийнх ч гэсэн тэгж ердөө голохгүй будаг нь ханхалсан гутал, өмд, цамцаа өмсөж, чихэр боов идэж, чухамдаа энэ орчлон дээр уйлахгүй юм шиг байжээ.

ЭРЭГТЭЙ: Аав ээж хоёр тэр орой халуун усанд орохоор явсан юм. Ээвийдээ, би муу аавыгаа тэрнээс өөр удаа халуун усанд орсныг нь би санадаггүй. Бид наймын нэг нь мах хэрчиж, нөгөө нь ногоо арилгаж, зарим нь гурил элдэж, жигнээд оройн хоолоо хийж байтал аав ээж хоёр ирлээ. Халуун усанд орсон аавын минь зүс царай насанд мартагдахааргүй гэрэлтэй тунгалаг харагдаж, үргэлж бензин тос үнэртэж явдаг хувцасаа сольж, үсээ машиндуулсан нь миний аав мөн үү гэмтэй.

Хоол болоход аав биднийг гүйлгэж хамар хашаа, айл саахалтын ах нарыг дуудуулав. Зовсон нэгэндээ сэтгэл гарган туслахдаа сохор зоос авч үзээгүй сайхан ах нар орж ирэн хоол цай болсны дараа аав ээжид “Алив хө, өнөөхөө...” гэхэд, ээж хоймрийн авдараа уудалж нэг шил тугалган бөглөөтэй цагаан архи гаргаж өгөв.

ЭМЭГТЭЙ: Одоог бодвол тэр үеийн эрчүүд жудагтай байжээ. Аав, нөхдийн хамт нөгөө тугалган бөглөөтөө тайван гэгч нь ярьж суунгаа рашаан шиг хүртчихээд дахиж уухыг огт хүсэлгүй, нөхөд нь ч тэгэлгүй гэр гэр рүүгээ гараад явцгаачив. Аав минь сахлаа авахаар хойморийн авдар дээр байсан нугастай толь руу эргэснээ гэнэт “Алив миний охин, аавдаа тэр одонгууд аваад өгдөө” гэхэд ээж аав руу нэг том харснаа “Шалав л миний охин, аавдаа одонгуудыг нь түргэн аваад өг” гэв. Би хуучин чемодоны дотор талд байнга зүүлттэй байдаг сэлэмтэй морьтны дүрстэй “Бид ялав”, Сталины дүрстэй “За родину” одонгуудыг нь гаргаж аавынхаа тос даасан том алган дээр тавихад...

ЭРЭГТЭЙ: Аав минь хэзээ ч, бүр хэзээ ч зүүж үзээгүй одонгуудаа шагналынхаа мөнгөөр авсан шинэхэн цамцныхаа зүрхэн талын энгэрт зэрэгцүүлэн зүүгээд толь руу харснаа уртаар санаа алдав. Бид толинд харж суугаа аавынхаа эргэн тойронд шавж, “Аав баатар байна, аав гоё байна” гэж шуугилдахад ээж минь “Алив ээж нь нэг харьдаа” гэснээ...

ЭМЭГТЭЙ: Биднийг гэрийн хоймороос холдоход ээж минь толины өмнө суугаа аавын баруун мөрөн дээгүүр нь давуулан, эх орон газар шороо тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тулалдаж ялсан Халхын голын дайны баатар, эр нөхрөө, одон тэмдэгтэй нь тэгж ганцхан удаа харсан юм. Тэр үед би хуучин нугастай толио зургийн аппарат байсан болоосой гэж үнэхээр их хүсэж билээ. Хөөрхийдөө ээж, аав хоёр минь...

ЭРЭГТЭЙ:  Хойно нь би өсч өндийгөөд аав, ЗИС-5 хоёроосоо идчигдэг болчихсон, мөн ч ухаангүй хүүхэд байжээ. Сургуулиа тараад явж байхад төв аймгийнхны хамаг хогийг сэгсийтэл аччихсан аавын минь ЗИС-5 гэнэт хаанаас ч юм бэ? бөртийсөөр гарч ирэхэд би хаашаа ч хамаагүй зугтдаг болчихсон байв. Амьхандаа үеийн охид, хөвгүүдэд хогны машины жолооч аавтай гэдгээ мэдэгдэхгүй гэж байгаа нь тэр байсан юм байлгүй, чааваас. Заримдаа бүр тээврийн жолооч нарын хүүхдүүд аавынхаа машиныг гайхуулахаар нь миний атаа хөдөлж “миний аав ЗИС-5-аа ЗИЛ 130-аар сольчихож болдоггүй л юм байх даа” гэж боддог байж дээ. Юутай ч гэнэн, тэнэгхэн байгаа вэ?, би чинь. Ээвий дээ аав минь, ЗИС-5 минь...

ЭМЭГТЭЙ: 1973 оны өвөл хөөрхий миний муу аав минь бурхандаа буцсан даа. Үр хүүхдүүд биднийгээ өчүүхэн ч зовоолгүй, урд өдөр нь ЗИС-5-аа унаж ажилдаа яваад орой нь ирдгээрээ ирчихээд, маргааш өглөө нь байхгүй болчихсон, хөөрхий аав минь. Төдөлгүй аавын ЗИС-5-ийг Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын шинэхэн ЗИЛ-130 машин чирээд явсан. Бусдад чирэгдэж яваа аавын минь ЗИС-5-ийн яйжийсан бэрцээв шажигнан дуугарч, улам цаашилсаар байгаа нь одоо ч нүдэнд харагдсаар.

ЭРЭГТЭЙ:  Залуу нас гэдэг мунхаг юм даа. Удалгүй бид аавыгаа хэн байсныг, аавын минь ЗИС-5 юу байсныг олж мэдээд цурхиртал уйлж билээ. Аав минь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, ахмад Нянтайсүрэнгийн командалсан Халхын голын 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хорооны байлдагч байжээ.

Тэгээд 1939 оны тавдугаар сараас, есдүгээр сарыг хүртэл Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг амжилттай тулалдаж, олон удаа ялалт байгуулсан тэдний хороо руу дайн дуусчихаад байхад, дайснууд гэнэт довтолж бүслээд бүтэн өдөр шөнө тулалджээ. Аав минь дайсанд бүслэгдэж, цус урссан тулалдааны талбарт анд нөхдөө алдаж, самурай нарын эсрэг гардан тулалаанд орж, тэдний давшилтыг хэд хэдэн удаа няцаалцсан ч 22 морьт хороо арга буюу хүчинд автаж ухарчээ.

Тэгэхэд дайсны бүслэлтийг сэтлэхийн тулд пулемётчин Дуламдоржийн Самдан нөхдөө галаар халхалж үлдээд, улмаар сум нь дууссан тул 12 дайсныг бууныхаа улайдсан гол төмрөөр цохиж устган өөрөө амь үрэгджээ. Аав минь хорооны дарга Бадарчийнхаа аргагүй тушаалаар дайны талбарт дайчин нөхрөө үлдээгээд ухрахдаа юуг бодож явсан юм болдоо. Ингээд л хөөрхий аав минь, аавын минь дайчин нөхөд нь ухарсан  тул “урвагч” нэр зүүжээ.

Харин сэлэмтэй морьтны дүрстэй “Бид ялав”, Сталины дүрстэй “За родину” одонгуудыг аавын минь энгэрт зүүж өгөөгүй. Улс нь дайнд ялчихаад байхад ялагдсан юм шиг хэлмэгдэж гутарсан, шархтай нөхдөө морин дээр дүүрсээр буцаж явсан 22 дугаар морьт хорооныхны замыг тосч байсан цэргийн дарга нар шидэж өгсөн юм гэнэ лээ.

ЭМЭГТЭЙ: Аавын минь ЗИС-5-ыг анх Москвагийн авто механикийн цехид угсарчээ. Тэгээд аавын минь ЗИС 5 эхлээд Зөвлөлтийн хөдөө аж ахуйн салбарт зүтгэж байгаад төдөлгүй дайн эхэлсэн тул Гитлерийн хэрцгий догшин барс танкны эсрэг тулалджээ, эвий минь.  Улмаар 1942 онд эзлэгдэж, бүслэгдсэн,  Сталингард хотын цорын ганц авралын зам болсон Лоб нуурын мөсөн дээгүүр солом өвсөөр хийсэн хар талх, тариа буудай зөөж балгас болсон хотын амьд үлдэгсдийг өлбөрч үхэх аюулаас аварч байж.

Дараа нь аавын минь ЗИС-5-ыг Орос жолооч унаж, дүүрэн буу, сум ачсаар дорно зүгийг зорьж Халхын голд ирээд, Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг ариун дайнд оржээ. Аав минь ЗИС-5-тайгаа сум исгэрч, бөмбөг дэлбэрсэн, шархтай Монгол морьд эзнээ чирч давхилдсан хөнөөлт дайны талбар дээр учирчээ. Хөөрхий минь, аав минь, ЗИС 5 минь.

ЭРЭГТЭЙ: Бүр хожим 1983 онд би темсийн багш болчихсон, дадлагын оюутнуудтайгаа Архангай аймагт явж байгаад Хөдөлмөрийн баатар Ёндонгийн ЗИС-5-ыг үзэж сэтгэл өмөрсөн юм. Бараг л цоо шинээрэй шахуу, дугуйнуудыг нь цагаанаар будчихсан, хаалган дээр нь эзнийх нь нэрийг алдар цолтой, тод улаан өнгөөр бичиж, дээр нь олон таван хошуу ерийтэл жагсаасан тэр Хөдөлмөрийн баатарын ЗИС-5 ийм том гавьяа байгуулсан юм чинь миний муу аавын ЗИС-5 ямар их гавьяа байгуулсан болдоо гэж бодоход өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэлзэж, зүрхэнд харуусал амтагдсан юм.

ЭМЭГТЭЙ:  Аавын минь ЗИС-5 төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний хашааны тоостой буланд олон жил зогссон. Би бүр хүнтэй сууж, хүүхэд гаргасан хойноо ч аавынхаа ЗИС-5-ийг хашааны завсраар харж зогсдог байлаа.

ЭРЭГТЭЙ: Хааяа аав минь ЗИС-5-аа унаад зүүдэн дундуур явж ирэхэд нь хамт суугаад явмаар байх юм. Даанч тэгж болдоггүй хорвоо юм даа.