ХӨДӨЛГҮҮРИЙН ХУРААНГУЙ
Нийтлэлч Максим Сачков хөдөлгүүрийн нэр томьёо, товчилсон үгний нэвтэрхий толийг танилцуулж байна.
Дизель хөдөлгүүр
Хэдийгээр ихэнх хөдөлгүүрийн шахалт, түлшний системд онцын ялгаа байдаггүй ч зарим үйлдвэрлэгч тэжээлийн систем, хөдөлгүүрийн загвараас хамааран тусгай нэршил өгдөг.
- TDI (Turbo Diesel Injection) – хүмүүс бүх турбо дизель хөдөлгүүрийг ингэж нэрлэдэг гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ нэршлийн эрхийг Volkswagen групп эзэмшдэг бөгөөд зөвхөн Volskwagen-ийн турбо дизель хөдөлгүүрийг ингэж тэмдэглэдэг юм.
- HDi (High-pressure Direct injection) – ийг «өндөр даралтын шууд цацалтад» гэж орчуулна. Энэ тэмдэглэгээг common rail түлшний системтэй Peugeot Citroën-ийн автомашинд хэрэглэдэг.
- JTD (Jet Turbo Diesel) – FIAT, Alfa Romeo, Lancia гэх италийн томоохон группийн хөдөлгүүрийн тэмдэглэгээ. Jet гэдэг үгийг англи хэлнээс форсунк гэж орчуулна. Ихэнх үйлдвэрлэгчийн эдгээр товчилсон үгийг шууд орчуулж болдог. Жишээ нь: common rail diesel injection гэдэг нь common rail цацалттай дизелийг хэлнэ. Гол нь үсгийн тоо, байрлал чухал юм. Mercedes Benz-ийн хувьд хөдөлгүүрээ CDI, Солонгосын KIA болон Hyundai нар CRDi, харин Nissan Renault концерн dCi гэж тэмдэглэдэг байх нь.
- CDTI (Common rail Diesel Turbo Injection) – Opel-ийн бүх дизель хөдөлгүүр нь турботой аж. Энгийн дизель хөдөлгүүрийг аль хэдийн үеэ элээсэн гэж болно.
Бензин хөдөлгүүр
Шууд цацалттай хөдөлгүүр гарснаас хойш хөдөлгүүрт янз бүрийн индекс нэр өгч эхэлсэн. Нэмээд турботой болсноор маркетингийн менежерүүд танигдалтаа хийхийн тулд байж болох бүхий л үг үсгийг хооронд нь холбож хөдөлгүүрийн төрлийг улам ихэсгэсэн.
Mercedes Benz анхны шууд цацалттай хөдөлгүүрийг аль 1954 онд танилцуулж байж. Одооны CGI (stratified-Charged Gasoline Injection) тэжээлийн системтэй хөдөлгүүр болон Roots төрлийн компрессорыг зөвхөн спорт купед бус тансаг зэрэглэлийн седанд давхар суурилуулдаг.
- GDI (Gasoline Direct Injection) – шууд цацалттай анхны хөдөлгүүрийн нэр. Хамгийн анх 1996 онд Mitsubishi Galant-д энэхүү хөдөлгүүрийг тавьсан юм. Одоо GDI технологи нэлээн тархсан бөгөөд Volvo гэх европын үйлдвэрлэгч нар хүртэл ашигладаг аж. GDI хөдөлгүүр гарснаас нэг жилийн дараа Toyota компани шууд цацалттай Д4 хөдөлгүүрийг танилцуулж 1997 онд цуврал үйлдвэрлэлд оруулжээ.
Одооноос 15 жилийн өмнө Peugeot Citroën-ийн хөдөлгүүрийг HPi (High-Pressure injection) гэж тэмдэглэдэг болсон. Түүнчлэн, шатах хөндий рүү шатахуун цацдаг THP (Turbo High Pressure) индекстэй турбо хөдөлгүүрийг BMW компанитай хамтран гаргасан юм.
- FSI (Fuel Stratified Injection) – шатахууны хэсэгчилсэн цацалт. Ийм нэршлийг Volkswagen-ийн хөдөлгүүрт ашигладаг.
- TFSI (Turbo Fuel Stratified Injection) – эхлээд Volkswagen-ийн шууд цацалттай турбо хөдөлгүүр бүгд ийм индекстэй байсан юм. Харин одоо энэхүү дөрвөн үсэгтэй нэрийн эрхийг дөрвөн цагирагтай компани эзэмшдэг бөгөөд Volkswagen, Škoda, CEAT-ийн шууд цацалттай турбо хөдөлгүүрийг TSI гэдэг болсон.
- JTS (Jet Thrust Stoichiometric) – дизелийн адил FIAT-ийн шууд цацалттай хөдөлгүүр jet гэсэн үгээр эхэлдэг.
Хавхлагын дараалал, нээх өндрийг тохируулах систем
Шингэн болон цахилгаан хөтлөгч нь оруулах, гаргах хавхлагыг ажиллуулдаг нударган голын байрлалыг өөрчилж эргэлтээс хамааран хавхлага нээж хаах дарааллыг тохируулдаг. Энэ нь бага эргэлтээр эргүүлэх хүч, харин их эргэлтээр хүчин чадал ихэсгэх зуур шатахуун зарцуулалтыг хэмнэж хорт хийн ялгарлыг багасгадаг. Түүнчлэн, хавхлагын нээх өндрийг тохируулдаг систем нь цилиндрт орох агаарын (эсвэл шатахуун) хэмжээг хуваарилдаг.
- VVT (Variable Valve Timing) – энэхүү тэмдэглэгээг ихэвчлэн General Motors-ийн (тэр дундаа Chevrolet, Cadillac) автомашинд хэрэглэдэг. Үүнд, оруулах гаргах нударган гол нь хий хуваарилах хөтлөгчтэй.
- VVT-i (Variable Valve Timing with intelligence) – Toyota компани гидравлик эргүүлдэг нударган голтой систем. Нэмээд Lexus-ийн зарим топ ангиллын загварт оруулах хавхлагын цахилгаан хүчлүүртэй VVT-iE-г ашигладаг.
- VANOS – буюу Variable Nockenwellensteuerung (орчуулбал – нударган голын ээлжлэх удирдлага) гэдэг өвөрмөц нэршлийг 1992 онд BMW нэвтрүүлжээ. Оруулж, гаргахдаа ээлж дараалал шилжүүлдэг бол Double VANOS болно. Алхамт мотор, ангид төвт гол, рычаг, дохиуртай Valvetronic системийн ачаар оруулах хавхлага хэрэгцээт түвшин хүртэл дээшилнэ.
- MIVEC (Mitsubishi Innovative Valve timing Electronic Control) – анх 1990 онд Mitsubishi-д байсан систем. Оруулах хавхлагын нударган голыг эргүүлдэг уг систем нь ээлж дараалал, оруулах хавхлага бүрийн нээгдэх зайг давхар тохируулдаг юм.
- VTEC (Variable valve Timing and lift Electronic Control) – Honda-ийн оруулах, гаргах хавхлагын хөдөлгөөн чиглүүлэгч систем. Үүнээс гадна илүү шинэчилсэн i-VTEC (i - intelligent буюу ухаалаг) систем нь оруулах нударган голын ээлж дарааллыг зөөлөн шилжүүлдэг онцлогтой.
- Subaru-ийн хий хуваарилах механизмыг AVCS (Active Valve Control System) буюу “хавхлагын ACTIVE CONTROL” гэдэг юм. Хос эргүүлэгч голтой системийг Dual AVCS гэнэ.
- Porsche-ийн хий хуваарилах дарааллыг VarioCam (Variable Camshaft буюу тохируулдаг нударган гол) систем ажиллуулдаг. Plus угтвартай бол оруулах хавхлагын нээгдэх зайг тохируулдаг гэсэн үг. VarioCam plus-ийг анх Porsche-911-д ашигласан юм.
- Nissan-ийн индексийг C-VTC (Continous Valve Timing Control) гэнэ. Infinity-G37 эсвэл Nissan GT-R гэх үнэтэй хувилбарт хавхлагын хөдөлгөөнийг өөрчилдөг VVEL (Variable Valve Event and Lift) систем байдаг.
- Audi-ийн нударган голын ажиллагааг хавхлагын нээгдэх өндрийг шаталж өөрчилдөг AVS (Audi Vavlelift System) хариуцдаг.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.