
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

ОТ ба МОТ
92, 95, 98 гээд бензиний октаны тоог бүгд сонсож байсан. Улмаар октаны тоог шинжилгээний болон моторын аргаар тодорхойлдог гэдгийг ч сонсож байсан нь лавтай. Харин лавшруулж асуугаад эхлэхээр жинхэнэ холион бантан болдог. Яагаад ч юм бэ, зарим хүн шинжилгээний арга гэхээр химийн лабораторид, моторын гэхээр хөдөлгүүр дээр тодорхойлдог гэж боддог.
Гэтэл үнэн хэрэгтээ үүнд онолын эсвэл практикийн гэх зүйл огт байхгүй. Ерөөс нэг л багажаар хэмжиж тодорхойлдог. Үүний тулд шахалтын тогтворгүй зэрэгтэй нэг цилиндр бүхий тусгай төхөөрөмжийг ашигладаг (УИТ-65 эсвэл УИТ-85). Гол ялгаа нь төхөөрөмж ажиллуулах горимд оршино. Өөрөөр хэлбэл, шинжилгээний аргаар октаны тоог тодорхойлохдоо тахир голыг 600 эрг/мин хүртэл эргүүлдэг бол моторын арга 900 эрг/мин хүртэл эргүүлэхийн сацуу холимгийг халааж өгдөг.

Октаны тоог тодорхойлох ямар шаардлагатай вэ? Ерөнхийдөө шинжилгээний аргаар тодорхойлж гаргасан октаны тоо хотын нөхцөлд ашиглах автомашины шатахууны чанарыг, харин моторын аргаар хотын гаднах замд ашиглах шатахууны чанарыг тодорхойлдог гэж үздэг.
ДУГУЙНЫ ХЭМЖЭЭ

Танайд 15-тай дугуй байна уу? гэх асуултыг олонтаа сонсож болно.
195/75R15 тэмдэглэгээг авч үзье. Эхний 195 гэдэг нь дугуйны өргөнийг миллиметрээр илэрхийлсэн тоо, зураасны дараах 75 бол дугуйны бөөрний өндрийг өргөний хувиар зааж байгаа. R үсэг нь Radial буюу дугуйны хийцийг илэрхийлнэ. Сүүлийн 15 гэсэн тоо нь дугуйны дотор ирмэгийн диаметрийг инчээр илэрхийлдэг.
АМПЕР БА ЦАГ

Ампер-цагаар юуг илэрхийлдэг вэ? Батарейн багтаамжийг хэмждэг гэж хэлэх гэж байна уу? Сурагч хүртэл цахилгаан гүйдлийг цагт үржүүлэхэд багтаамжны хэмжээ хэзээ ч гарахгүй гэдгийг мэддэг шүү дээ. Тэгэхээр ампер-цаг гэдэг нь цэнэг хэмжих нэгж бөгөөд 1 А/ц 3600 Кл (кулон)-той тэнцэнэ. Харин багтаамжийг фарадаар хэмждэг: 1 Ф = 1 Кл/1 В
Аккумуляторын хэмжигдэхүүний тухайд гэвэл өнөөг хүртэл ээдрээтэй, сонин онол бат оршсоор байна. Зарим сурах бичигт “багтаамжийг ампер-цагаар үнэлдэг” гэж өөрөөсөө зайлуулсан тодруулга бичсэн байх юм билээ. Хэмждэг бус үнэлдэг гээд байгаа шүү! За яах вэ, ингэсхийгээд бичсэн нь яамай даа...
ДУУ АВИА

Хэт авиан онгоцны тухай унших бүрд таны нүдэнд “тасхийсэн хүчтэй чимээ” гэх үг эсвэл мэргэжилтнүүдийн “онгоц дууны саадыг давав” гэсэн тайлбар тааралдаж байсан уу? Бараг байнга биз.
Ямар азтай аавын хүүгийн толгой дээгүүр онгоц тасхийсэн дуугаар саадаа давдаг байна аа гэж боддог байсан уу? Үнэн хэрэгтээ тийм биш шүү дээ... Угаасаа тасхийх чимээг хэт авиан хурдаар нисэж яваа онгоц өөрөө гаргадаг. Бүр тодруулж хэлбэл, энэ чимээ ганц удаа бус ерөөс нислэгийн турш сонсогдож байдаг гэсэн үг юм шүү дээ! Тэгэхээр азтай нэгэнд нь бус бараг бүх хүнд энэ чимээ сонсогддог юм.
ЭЛЕКТРОМОБИЛЬ БА НАР

Хоногт 2400 МВт эрчим хүч зарцуулдаг үйлдвэр цахилгаан болон эрчим хүчний ямарваа эх үүсвэргүйгээр ажлаа явуулж чадах уу? Өөрөөр хэлбэл, 100 хувь байгалиас хараат байж чадах болов уу?
Мөрөөдөл шиг сонсогдож байна уу? Яг ч тийм биш. Уг асуудлыг Илон Маск гартаа оруулаад авсан бол мөрөөдөл биелэх боломжтой. Энэ хүний ачаар Tesla хэмээх цахилгаан автомашин бий болсон шүү дээ. Өдгөө Невада мужид өнөөх мөрөөдлийн үйлдвэрийг босгоод эхэллээ. Ашиглалтанд орвол дэлхийд литий-ион (Li-ion) аккумуляторын тэргүүлэх үйлдвэр болох юм.
Түүнчлэн энэхүү үйлдвэр хэрэгцээнийхээ эрчим хүчийг нар, салхи болон газрын гүнээс олж авах аж. 20 хувийн ашигт үйлийн коэффициент бүхий дээвэр дээрх нарны зайн эзлэх талбай гэхэд л 850 000 м2 болно.
Нэг шоо бүр хоногт буюу ажил өрнөх 5 цагийн туршид 1 киловатт-цагийн эрчим хүч үйлдвэрлэнэ. Нийлбэр дүнгээр 850 МВт/ц болж байгаа биз. Дээр нь 85 салхин сэнс 1836 МВт/ц-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ гэж байгаа.Бас нэг хэсэг эрчим хүчийг геотерм буюу газрын хэвлийн дулаанаас гаргаж авна. Ингээд энэ тоонуудыг нэмж үзвэл 2900 МВт/ц-аас ч илүү тоо гарч байна! Биелэх байгаа даа?
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.