UAZ 469

Бат бөхий нь давж гарах нэгээхэн ч машин байхгүй гэвэл хилсдэхгүй Орос ах нарын уран гараар бүтээгдсэн Монхойсон ногоон хамарт 69.

Танилц энэ бол бидний сэтгэлд хачин дотно УАЗ-469 маань

  • Ямарч бартаа саад, ус, шавар, энхэл донхол, уул давааг ажралгүй давж, халуун, хүйтнийг тоохгүй, хад чулууг хаг яран, эрэг жалгыг яг л эх орны дайны үеийн Т-34 танк шиг гатлаад гарч ирдэг ганцхан машиныг би мэднэ. Газрын хэц өөд дайрч байгаа нь яг л арслан барс шиг түүний хурд хүчийг гүйцэх, түүний бат бөхийг давж гарах нэгээхэн ч машин байхгүй гэвэл нэг их хилсдэхгүй биз.

Энэ бол Орос ах нарын уран гар, ухаан билэг хоёр нэгдэн байж бүтээсэн УАЗ-469 юм. Гадныхан түүнийг Орос жип гэлцэнэ. Монголчууд харин зүгээр л 69 гэнэ. Бидний өсөх бага нас энэ машины хүнгэнэсэн, замын бартааны цохилт, донсолго тэр чигээрэй ирж сэгсчсэн, араа соёо нь шажигнаж, тос, масло үнэртсэн кабин дотор өнгөрсөн. Тийм болохоор УАЗ-469-ыг харах бүрт, сэтгэлд хачин дотно санагддаг билээ.

Анхандаа зөвхөн бор ногоон өнгөөр үйлдвэрлэгдэж байсан энэ машиныг байлдааны зориулалтаар бүтээсэн гэлцэх нь ч бий. Энэ үнэн байж магад. Ерөөс 69 ямарч тулаанд ороход хэзээд бэлхэн машин гэдгийг Монголчууд хэнээс ч илүү мэднэ.

Түүнийг  бас Сибирийн бартаатай хүнд бэрх замд зориулан үйлдвэрлэсэн гэж ярих. Үүнийг бас худлаа гэхэд хэцүү. Гэхдээ 69-ыг жинхэнэ 69 болгож чадсан хүмүүс бол Монголчууд юм. Чухам яагаад ийм зоригтой үгийг хэлвээ гэвэл уг машин манайд анх орж ирсэн тэр үед үзэхээс илүүг үзэж, үхэр цам харайхаас бусдыг харсан хашир жолооч нар ташуу амортизаторыг нь тасдаж аваад босоо болгоод гагначихжээ.

Энэ нь туулах чадварыг дээшлүүлж тогтворыг нь сайжруулахад онцгой нөлөө үзүүлсэн байна. Оросууд манайхны энэ дэвшлийг тэр даруйд нь авчихсан.

Дараагийн 69-үүд хойд тэнхлэг дороо запас буюу нөөц дугуйгаа бэхэлсэн байдалтай орж ирэхэд манайхан мөн л тасдаад авчихсан. Бидний ярьдагаар хонины хонхорын яг дор тэгж запас дугуйг бэхэлсэн нь ховилтой замд тун тохиромжгүй байсан болохоор өвөө нар минь 69-ийнхөө бүхээгний хойд хэсэгт гагначихжээ.  Энийг нь Оросууд бас л авч, үйлдвэрлэлийн аргадаа шууд нэвтрүүлчихсэн. Заа тэгээд энэ мэтээр монхойсон ногоон машиндаа Монголчууд зөндөө юм хийсэн.

  • Нуулгүй хэлэхэд бид чинь 69-ийгөө Оросуудаас илүү мэднэ шүү. Ямар сайндаа л Сахарын цөлд болдог бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уралдахаар хойшоо очиж, шинэ тэрэгнүүд авах гэтэл Оросууд толгой сэгсрээд, “манай машин тийм уралдаанд тохирохгүй”  гэж байсан гэнэ лээ.
  • Монголчууд харин “ Үгүй дээ, та нар машинаа мэддэггүй юм байна” гэж хэлээд гарсан гэдэг. Үнэхээр ч Сахарт манайхан 69-өөрөө аймшиггүй уралдаж, бусад бартаат замын хаад болсон төмөр хүлгүүдийг тоосондоо  булаад ирсэн түүхтэй. Ингэхээр УАЗ-469 машин, Монгол хүний тэсвэр хатуужил хоёр ямагт хамт байвал мөн ч ихийг үзэж, туулах юм шиг ээ.  

Бат бөхий нь давж гарах нэгээхэн ч машин байхгүй гэвэл хилсдэхгүй Орос ах нарын уран гараар бүтээгдсэн Монхойсон ногоон хамарт 69.

Танилц энэ бол бидний сэтгэлд хачин дотно УАЗ-469 маань

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.