ГИННЕСИЙН ЭРДЭНИЙН ЧУЛУУ - COROLLA
Короллагийн түүх 1966 оноос эхэлсэн юм билээ. Тэр үед Тоёота комапни аль хэдийн хөл дээрээ бат зогсож торгон жолоогоо тод атгасан учир өөрийн амжилтаа алдахгүй, улам цааш нь өрнөн дэлгэрүүлж, дэлхий дахинд нөлөөллөө бататгах шаардлагатай байлаа.
- Тухайн үеийн туг шиг машинуудын үнэ гэдэг дэндсэн байжээ. Харин тэгтэл хямдхан машинууд нь даанч дээ гэмээр найгүй хэврэг, хурд хүч гэж хүн гомдож, хүүхэд уйлмаар юмнууд байв. Үүнийг Тоёота мэдэж байлаа. Тиймдээ ч тэд дундаж цалинтай жирийн ард иргэдэд зориулсан, тэгсэн атлаа тав тухтай, чадал хүчтэй, хаана ч гологдохгүй машин үйлдвэрлэхийг хүссэн юм.
Инженер: 1950-иад оноос эхэлсэн бидний нэгэн судалгааны ажил дуусч, 1966 онд хойноо хөтлөгчтэй, урдаа хоёр ширхэг дугуй гэрэлтэй, мөн хоёр хаалгатай авсаархан Тоёота короллаг анхлан худалдаанд гаргасан юм. Энэ машиныг урдаас нь харвал Оросын газ 24 машинтай төстэй ч угтаа бол тийм биш.
Анхны королла 4 цилиндр бүхий 1,1 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй. Хөдөлгүүр нь хөндлөн байрлалтай, хурдны хайрцаг нь 60 морины хүчтэй, 4 шатлалтай байсан юм. Ер короллаг анхнаасаа л Японы K-98 хөнгөн танк шиг чанга машин байлгахын хүссэн юм.
Ууган королла ардаа нумтай, урдаа үл хамаарах тэнхлэгтэй байжээ. Анхны короллагийн ерөнхий төрх байдал нүдэнд дулаахан. Түүнд спорт машинууд шиг догшин ширүүн дүр төрх үгүй. Гэтэл Япончууд эх орондоо байтугай баруунд үнэлэгдэж эхэлсэн короллаг асар хурдацтай хөгжүүлэхийг хүссэн байна. Үүний үр дүнд 1970 онд хоёрдугаар үеийн короллаг танилцууллаа.
- Нэгэн мянга есөн зуун далан оны королла анхны загвараасаа арай томорсон ч гэсэн хөдөлгүүрийнх нь хүчин чадал бага зэрэг буурсан нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл ууган королла 60 морины хүчтэй байхад хоёр дахь үеийн королла 55 морины хүчтэй байсан юм.
- Тэгсэн атлаа хөдөлгүүрийнх нь багтаамж 1,2 литр болж өсчээ. Моторынх нь багтаамж өсөөд байхад, хүч нь буураад байсан энэ дутагдлыг япончууд нэг жилийн дараа гэхэд бүрэн засчихсан юм. Япон хүн ер нь нэг алдаагаа дахиж давтдаггүй, алдаагаа бас түргэн засдаг бололтой юм.
Инженер: Ялихгүй жаахан дутагдалтай хоёр дахь үеийн короллаг 1971 онд 75 морины хүчин чадалтай, 1,6 литрийн багтаамжтай, 5 шатлалт механик хурдны хайрцагтай болгосон. Энэ нь короллаг ангилалдаа манлайлагчийн тоонд оруулсан юм. Ингээд гурван жил өнгөрсний дараа буюу 1974 онд танилцуулсан гурав дахь үеийн королла догширч эхэлсэн. Хэлбэр хэмжээ нь тэгтлээ томроогүй ч түүний гадаад төрх илүү хурц болсон юм.
- Дөрөвдүгээр үеийн королла гэдэг машиныг 1979 онд танилцуулваа, хөөрхий. Хэдий өөрчлөлт явагдсаар байсан ч королла чулуу хэвээрээ л байлаа. Бат бөх гэдэг нь дэндсэн энэ машиныг 1982 онд дахиад шинэчлэв. Седан ангилалдаа анх удаа 4 шатлалт автомат хурдны хайрцагтай болсон королла шингэн хүчлүүртэй жолооны хүрдтэй, намалзсан амьтан болчихлоо.
Инженер: 1983 онд тавдугаар үеийн короллаг бид танилцуулсан юм. Дөрвөн хаалгатай, налуу капоттай, загвартаа нийцсэн нүдэнд дулаахан өнцөгүүдээрээ ялгардаг.
Тавдугаар үеийн королла мөнхүү сонголттой. Хэрэглэгчид 69 эсвэл 75 морины хүчтэй королла унахуу, бүр эсвэл 90 морины хүчин чадалтай, 1,6 литрийн карбюратор хөдөлгүүртэйг унах уу гэдгээ өөрсдөө мэддэг болсон. 4 жилийн дараа 6 дахь үе буюу илүү тансаг зэрэглэлд тэмүүлсэн загвараа гаргаж, дараагаар нь 7,8,9-р үеүүдийн загвараа танилцуулсан юм.
- Тэгтэл ес дэх үеийн короллагын хөдөлгүүр нь 192 морины хүчин чадалтай болжээ. Хүч гэж бух тэрэг шиг, өнгө үзэмж, хэлбэр загвар гэж буга согоо шиг энэ үеийн королла тоёотагийн түүхэнд хамгаас нэр хүндтэй загвар болж, 2002 онд дэлхийн алдартай сэтгүүлд “оны шилдэг авто машин”-аар тодорлоо.
- Дараа дараагийн загварууд нь европын автомашины шалгаруулалтуудад 5 од авсан анхны азийн машин ч болж байлаа.
Төгсгөлд нь хэлэхэд нүдэнд дулаахан, сэтгэлд дотно королла маань зүгээр ч нэг машин биш шүү. Тоёота королла бол нийт 32 сая ширхэг борлуулагдсан буюу хамгийн их борлуулагдсан авто машин гэдгээрээ хүн төрөлхтөний амжилтын алдарт ном болох Гиннест мөнхөрсөн, мөнгөн цагаан хүлэг юм.
Гиннесийн эрдэнийн чулуу Королла...
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5